АНУ-ын Эрүүл мэндийн сайд Роберт Ф.Кеннеди Жр. тус улсын иргэдийг илүү их шинэхэн жимс, ногоо хэрэглэхийг уриалж байгаа ч энэ нь хэрэгжихэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Учир нь тус улсад шинэхэн жимс, ногооноос үүдэлтэй гэдэсний халдварт өвчин дэгдэж, олон мянган хүнийг өвчлүүлээд байгаа юм.

АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газар (FDA) Cyclospora хэмээх хүний ялгадаснаас жимс, ногоонд дамждаг нэг эст шимэгч хорхойгоор үүсгэгдсэн гэдэсний халдварт өвчний зургаан томоохон дэгдэлтийг шалгаж байна. Өмнө нь энэхүү шимэгч хорхой нь навчит ногоо, яншуй, кинза, вандуй, ногоон сонгино болон бөөрөлзгөнө зэрэг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор тархаж байсан түүхтэй.

Нөхцөл байдал хүндэрч байна

Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC)-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд 41 мужид 11,500 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд үүнээс 300 гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. Гэсэн хэдий ч энэ тоо нь бодит байдлаас бага байх магадлалтай гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Хамгийн том дэгдэлт нь Taco Bell сүлжээний ресторан болон бусад компаниудын худалдаалж байсан Taylor Farms компанийн мөсөн уулын салат (iceberg lettuce)-тай холбоотой байна. Энэхүү дэгдэлт нь есөн мужид тархаж, мянга мянган хүнийг өвчлүүлжээ. Тухайлбал, Мичиган мужид л гэхэд долдугаар сарын 27-ны байдлаар 9,253 тохиолдол бүртгэгдсэн байна. Одоогоор үлдсэн таван дэгдэлтийн эх үүсвэр тодорхойгүй хэвээр байна.