АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Вашингтон хотод болсон Newsmax-ийн “NPolicy Summit” арга хэмжээний үеэр АНУ-ын эрх баригчид Ираны 1 тэрбум ам.долларын криптовалютыг удахгүй хураан авах магадлалтай талаар мэдэгдлээ.
Тэрээр пүрэв гарагт үг хэлэхдээ Ойрхи Дорнодын тус улсад тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээнүүд үр дүнгээ өгч байгааг онцолсон байна. Түүний хэлснээр АНУ өмнө нь хамгийн их дарамт шахалт үзүүлэх бодлого баримталж байсан бол одоо бүрэн тусгаарлах бодлого хэрэгжүүлж байгаа аж. Мөн тэрээр “Бид тэдний хөрөнгө хаана байгааг мэднэ. Энэ долоо хоногт 1 тэрбум ам.долларын крипто хөрөнгийг хураан авах байх” гэжээ.
Иран улс АНУ-ын эдийн засгийн хоригийг тойрон гарах зорилгоор биткойн болон бусад криптовалютыг ашиглаж ирсэн байна. АНУ өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн Ираны дэглэмтэй холбоотой крипто түрийвчүүдийг онилж эхэлснийг Бессент өмнө нь дурдаж байв. Гэхдээ Сангийн сайд яг ямар төрлийн криптовалютыг хэрхэн хураан авах талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Биткойн нь төвлөрсөн бус шинж чанартай тул төвлөрсөн бирж дээр байршаагүй тохиолдолд царцаах боломжгүй эсвэл туйлын хүндрэлтэй байдаг. Харин Tether-ийн USDT зэрэг бусад тогтвортой койноор (стейблкоин) байршсан крипто хөрөнгийг царцаах боломжтой бөгөөд Бессент өмнө нь холбооны эрх баригчид Ираны стейблкоин хэлбэртэй крипто хөрөнгийг хураан авч байсан талаар дурджээ.
Иран улс энэ оны эхээр усан тээврийн компаниуддаа зориулан биткойнд суурилсан даатгалын үйлчилгээг эхлүүлсэн байна. Мөн өнгөрсөн сард Financial Times сонины мэдээлснээр, тус улсын төв банкнаас эдийн засагтаа туслах бүх боломжийг ашиглахыг зөвлөсний дараа Ираны крипто биржүүдээр дамжуулан хил дамнасан төлбөр тооцоонд биткойн ашиглаж байжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп албан тушаалдаа эргэн орсны дараа тус бодлогоо сэргээсэн юм. Улмаар 2025 оны хоёрдугаар сард батлагдсан үндэсний аюулгүй байдлын санамж бичгийн хүрээнд Сангийн яам Ираны сүүдрийн банк, мөнгө угаах болон хоригоос зайлсхийх сүлжээнүүдийн эсрэг далайцтай арга хэмжээ авч байна.