Үйл явдлын үр дүнг урьдчилан таамаглах зах зээлийн Kalshi платформ муж улсууд уг үйлчилгээг мөрийтэй тоглоом гэж үзэх эсэх маргаанд дахин ялагдал хүлээлээ. АНУ-ын Цинциннати хот дахь 6-р тойргийн давж заалдах шатны шүүхийн гурван шүүгчийн бүрэлдэхүүн Охайо болон Теннесси мужууд өөрсдийн мөрийтэй тоглоомын хууль тогтоомжийг Kalshi-ийн гэрээнүүдэд хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж шийдвэрлэснийг Reuters мэдээлэв.

Санхүүгийн хэрэгсэл үү, мөрий юү?

Kalshi компанийн гол байр суурь нь спортын гэрээнүүдээ санхүүгийн "своп" буюу муж улсын мөрийтэй тоглоомын хууль бус, харин АНУ-ын Түүхий эдийн фьючерсийн худалдааны комиссын (CFTC) онцгой хяналтад хамаарах бүтээгдэхүүн хэмээн тайлбарлаж байсан юм. Гэвч шүүх энэхүү үндэслэлийг няцаажээ.

Шүүгч Жулиа Смит Гиббонс тайлбарлахдаа своп нь ихэвчлэн эрсдэлийг бууруулахад чиглэсэн санхүүгийн хэрэгсэл байдаг бөгөөд тоглоом, мөрийтэй холбоотой гэрээг хэлдэггүй болохыг тэмдэглэсэн байна. Түүнчлэн хөлбөмбөгийн тоглолтын булангийн цохилтын тоо зэрэгт мөрий тавих нь санхүүгийн эрсдэлийг удирдах холбооны хуулийн зорилгод хэрхэн нийцэж байгааг шүүгч асуудал болгон хөнджээ. Муж улсууд мөрийтэй тоглоомыг зохицуулах нь тэдний үндсэн эрх мэдэл бөгөөд холбооны Түүхий эдийн биржийн хууль нь эдгээр мужийн хуулийг үгүйсгэхгүй гэж шүүх үзсэн байна.

Цаашдын нөхцөл байдал

Энэхүү шийдвэрээр Теннесси мужийн хууль хэрэгжилтийг Kalshi-ийн эсрэг ашиглахыг хориглосон өмнөх түр захирамжийг хүчингүй болгож, Охайо мужид гаргасан шүүхийн татгалзлыг хэвээр үлдээлээ. Теннесси мужийн Ерөнхий прокурор Жонатан Скрметти уг шийдвэрийг мужийн хувьд "том ялалт" гэж тодорхойлсон бол Kalshi шийдвэрийг цуцлагдана гэж хүлээж байгаагаа илэрхийлжээ.

Тус шийдвэр нь хурдацтай өсөж буй уг салбарыг бие даасан мужууд уу, эсвэл холбооны CFTC зохицуулах уу гэдэг дээр холбооны давж заалдах шатны шүүхүүдийн дунд үүссэн санал зөрөлдөөнийг улам гүнзгийрүүлж байна. Давж заалдах шатны шүүхүүдийн санал зөрөлдөөн нь хэргийг Дээд шүүх авч хэлэлцэх магадлалыг ихэвчлэн нэмэгдүүлдэг ч баталгаа байхгүй юм. Яг үүнтэй төстэй маргаанууд өдгөө Коннектикут, Нью-Йорк, Аризона, Миннесота зэрэг бусад мужуудад ч хүлээгдэж байна.