АНУ-ын хэсэг сенаторууд тус улсын Барааны фьючерсийн арилжааны комисст (CFTC) албан бичиг илгээж, ойн түймрийн үр дүнгээр бооцоо тавьдаг зах зээлүүдийг хязгаарлах төлөвлөгөөтэй байгаа эсэхийг тодрууллаа.
Орегон, Калифорни, Невада, Миннесота болон Нью-Хэмпшир мужийг төлөөлдөг сенаторуудын үзэж байгаагаар, сүйрэл дагуулсан ойн түймэр дээр бооцоо тавихыг зөвшөөрөх нь иргэдийн зовлон шаналлыг үл тоомсорлож, чинээлэг болон эрх мэдэлтэй хүмүүст ашиг олох боломжийг олгож байна.
Уг баримт бичигт Polymarket хэмээх урьдчилсан таамаглалын зах зээлийн платформ 2025 оны нэгдүгээр сард Лос-Анжелес хотод гарсан ойн түймрийн талаар бооцоо хүлээн авч байсныг онцолжээ. Polymarket нь хэрэглэгчдэд янз бүрийн үйл явдлын үр дүнг урьдчилан таамаглаж, мөнгөн дүнгээр бооцоо тавих боломжийг олгодог технологийн платформ юм. Мөн сенаторууд Калифорнийн ойн түймэр дээр зөвхөн "загварчилсан бооцоо" хүлээн авдаг өөр нэгэн вэбсайт байгааг дурдсан байна.
Сенаторууд энэ төрлийн үйл ажиллагаа нь олон нийтийн эмзэг байдлыг ашиг хонжоо олох хэрэгсэл болгож байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлж, зохицуулалтын арга хэмжээ авахыг шаардсан байна.