Даваа гарагт АНУ-ын томоохон банкуудын зарим онлайн үйлчилгээ доголдож, хэрэглэгчид цахим данс руугаа нэвтрэхэд хүндрэл үүссэн талаар мэдээлжээ.

Системийн саатлыг хянадаг downdetector.com цахим хуудсанд хэрэглэгчдийн тэмдэглэснээр Bank of America, Chase, US Bank, Wells Fargo болон Truist зэрэг томоохон банкуудын үйлчилгээ унасан буюу асуудалтай байгаа жагсаалтад орсон байна.

Энэ талаар Chase банкны төлөөлөгч даваа гарагт тайлбар өгөхдөө, тус банкны үйлчилгээнд гарсан саатал нь цахим халдлага биш бөгөөд техникийн алдаанаас үүдэлтэй гэдгийг онцолжээ. Түүнчлэн техникийн асуудлын улмаас зарим гүйлгээ ердийнхөөс удаан хугацаанд хийгдэж байгаа ч хэрэглэгчид дансандаа хандах боломжтой хэвээр байгааг мэдэгдсэн байна.