Харилцаа холбооны аналитик чиглэлээр ажилладаг Ookla компани АНУ-ын интернэт үйлчилгээ үзүүлэгчдийн 2026 оны эхний хагасын гүйцэтгэлийг дүгнэсэн тайлангаа танилцууллаа. Энэхүү тайланд гар утасны болон суурин интернэт үйлчилгээний хурдны үзүүлэлтүүдийг нарийвчлан гаргасан байна.
Гар утасны сүлжээний тэргүүлэгч
Тайлангийн дүнгээр T-Mobile компани гар утасны сүлжээ болон 5G сүлжээний ангилалд хамгийн өндөр үзүүлэлттэй гарчээ. Тус компанийн гар утасны сүлжээний медиан татах хурд 275.55 Mbps, харин 5G сүлжээний хувьд 314.38 Mbps байсан байна. T-Mobile нь АНУ-ын 47 мужид хамгийн хурдан сүлжээтэй байсан бөгөөд хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн үнэлгээгээр 3.77 оноо авч, өрсөлдөгч Verizon болон AT&T-ээс илүү гарчээ. Гэсэн хэдий ч сүлжээний хамрах хүрээний хувьд Verizon болон AT&T компаниуд эхний хоёр байрыг эзэлсэн байна.
Суурин интернэт ба хэрэглэгчийн туршлага
Суурин интернэтийн ангилалд AT&T Fiber компани 374.75 Mbps-ийн медиан хурдаар хамгийн хурдан сүлжээгээр тодорлоо. Мөн тус компани нь хамгийн тогтвортой сүлжээг үзүүлж, хэрэглэгчдээс дунджаар 3.63 оноо авчээ. Үүний зэрэгцээ, Verizon компани суурин интернэтийн тоглоом тоглоход хамгийн тохиромжтой сүлжээгээр шалгарсан байна. Энэхүү үнэлгээг гаргахдаа Ookla компани хоцролт (latency), татах болон байршуулах хурд, мөн тогтворгүй байдал (jitter) зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзжээ.
Тайланд дурдсанаар, АНУ-ын Канзас муж гар утасны интернэтийн хамгийн өндөр хурдтай бол Коннектикут муж суурин интернэтийн хамгийн өндөр хурдтай гэж бүртгэгдсэн байна. Ookla нь өдөр бүр дэлхийн өнцөг булан бүрээс ирдэг олон зуун сая хэрэглэгчийн Speedtest үр дүн дээр үндэслэн энэхүү дүн шинжилгээг хийжээ.