Цахим спортын ертөнцөд шинээр зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байсан анхны Esports Nations Cup тэмцээн товлосон хугацаандаа болохгүй боллоо. Тус тэмцээнийг зохион байгуулагч Esports Foundation уг шинэ арга хэмжээгээ 2027 он хүртэл хойшлуулах шийдвэр гаргаснаа мэдэгдэв.

Энэхүү шийдвэрийг гаргах болсон гол шалтгаан нь Ойрх Дорнод бүс нутгийн нөхцөл байдал тодорхойгүй байгаатай холбоотой аж. Уг тэмцээний нээлтийн анхны арга хэмжээг уг нь 2026 оны арваннэгдүгээр сард Саудын Арабын Эр-Рияд хотод зохион байгуулахаар төлөвлөөд байсан юм.

Зохион байгуулагчдын зүгээс энэхүү нэмэлт хугацааг ашиглан үндэсний шигшээ багууд, тоглоом хөгжүүлэгч компаниуд, түншүүд, хөгжөөн дэмжигчид болон уг арга хэмжээнд оролцож буй бусад бүх талуудад илүү тодорхой, найдвартай байдлыг бий болгохоор ажиллана гэдгээ илэрхийлжээ.