Дэлхий даяар хэрэглэгчдийн зуршил өөрчлөгдөхийн хэрээр архины хэрэглээний чиг хандлагад ч шинэ дүр зураг ажиглагдаж байна. IWSR байгууллагаас гаргасан судалгаагаар, 1946-1964 оны хооронд төрсөн Baby Boomers үеийнхэн архины хэрэглээгээ хамгийн идэвхтэй бууруулж байгааг тогтоожээ.
Судалгааны дүнгээс харахад, сүүлийн зургаан сарын хугацаанд Baby Boomers үеийнхний 71 хувь нь архи хэрэглэсэн байна. Энэ нь бусад үеийнхэнтэй харьцуулахад хамгийн бага үзүүлэлт бөгөөд гурван жилийн өмнөхтэй харьцуулахад 2 хувиар буурсан үзүүлэлт юм. Энэхүү хандлага нь нийгмийн бүхий л түвшинд согтууруулах ундааны хэрэглээгээ зохицуулах, хянах үзэгдэл дэлгэрч байгааг илтгэж байна.
Үүний эсрэгээр, Z үеийнхний дунд архины хэрэглээ өсөх хандлагатай байна. Хуулиар архи согтууруулах ундаа хэрэглэх нас хүрсэн Z үеийнхний 74 хувь нь сүүлийн хагас жилд архи хэрэглэсэн гэж мэдээлжээ. Энэ нь гурван жилийн өмнөх 66 хувиас өссөн үзүүлэлт юм. Өсвөр насны болон 20 гаруй насны залуус ийнхүү насанд хүрэгчдийн дундаж хэрэглээ болох 76 хувьд дөхөж очсон байна.
Ийнхүү архины хэрэглээг хязгаарлах тал дээр залуу үеийнхэн бус, харин ахмад үеийнхэн илүү тод өөрчлөлтийг гаргаж байгаа нь судалгааны гол дүгнэлт болж байна.