"Баасан гараг 13" (Friday the 13th) франчайзыг хүмүүс ихэвчлэн хоккейн баг зүүсэн Жэйсон Вурхизийн дүрээр төсөөлдөг. Гэвч анхны киноны жинхэнэ алуурчин нь түүний ээж, Кристал Лэйк зуслангийн тогооч Памела Вурхиз байсан билээ. Тэгвэл Peacock платформ болон A24 компанийн хамтран бүтээсэн "Crystal Lake" цувралаар Памелагийн түүхийг төвдөө тавин дэлгэж эхэллээ. Энэхүү дүрд Эммигийн шагналт жүжигчин Линда Карделлини тоглосон байна.

Цувралын ерөнхий бүтээгч Брэд Калеб Кэйн эх зохиолын цаг хугацааг бага зэрэг өөрчилж, Жэйсоны усанд живсэн оныг 1957 биш 1971 он болгон урагшлуулжээ. Үйл явдалд хүүгээ живж нас барсны дараах Памелагийн харуусал, улмаар түүний хүн амины хэрэг үйлдэхэд хүргэсэн уур хилэнг өгүүлдэг. Мөн зохиолд Памелагийн өнгөрсөн амьдралын талаарх цоо шинэ түүхийг оруулж өгчээ.

Шүүмжлэгчдийн үзэж буйгаар уг цувралын зохиол зарим талаар танил бөгөөд нимгэн байгаа ч Линда Карделлинигийн гайхалтай жүжиглэлт болон цус урсгасан шинэлэг үхлийн хэсгүүд нь үзэгчдийн сонирхлыг татахуйц болгосон байна. Аймшгийн цувралын хувьд "Crystal Lake" нь аллагын үзэгдлүүдээрээ үзэгчдийн хүлээлтийг бүрэн хангаж чаджээ.