Дуучин Бенсон Бүүн өөрийн “Wanted Man” аялан тоглолтынхоо Австрали дахь нээлтийн үеэр хорт хавдартай тэмцэж буй 13 настай шүтэн бишрэгч охиноо тайзан дээр урьж, төрсөн өдрийнх нь хүслийг биелүүлсэн сэтгэл хөдөлгөм мөч тохиолоо.
Баасан гарагт (11-р сарын 6) Брисбэн хотын “Brisbane Entertainment Centre”-д болсон тоглолтын төгсгөлд энэхүү үйл явдал болсон байна. “The Music” хэвлэлийн мэдээлснээр, дуучин эцсийн дуугаа дуулахаас өмнө үзэгчдэд хандан “Би хорт хавдартай хоёр дахь удаагаа тэмцэж буй 13 настай охинтой уулзах завшаан тохиолоо. Өнөөдөр түүний төрсөн өдөр бөгөөд тайзан дээр гарч ‘Beautiful Things’ дууг хамт дуулах нь түүний хүсэл байсан” хэмээн танилцуулжээ. Ингээд уг арга хэмжээнд хүрэлцэн ирсэн ойролцоогоор 10,000 үзэгчийн өмнө Кензи Риддл охин дээд тавцангаас гарч ирэн дуучинтай хамтран дуулсан байна.
Юингийн саркома гэх хорт хавдартай Кензи охин хоёр жил хагасын турш эмчилгээ хийлгэсний дараа өвчнөө ялсан гэж найдаж байсан ч өвчин нь дахин сэдэрч, одоо химийн хүнд эмчилгээ хийлгэж буй ажээ. Энэ тухай “Nine”-ийн “Today” нэвтрүүлэг мэдээлсэн бөгөөд охины гэр бүл уг тоглолтын тасалбарыг өнгөрсөн долоодугаар сард түүний 13 насны төрсөн өдрийн бэлэг болгон авч өгсөн байна. Нутгийн хөгжимчин Фергус Хоган охины түүхийг инстаграмдаа хуваалцсаны дараа дуучин Бенсон Бүүнтэй уулзуулах цахим хөдөлгөөн эрчээ авчээ.
Бенсон Бүүний хувьд 2024 оны 1-р сард гаргасан “Beautiful Things” дуу нь дэлхий даяар хамгийн олон сонсогдсон уран бүтээлүүдийн нэг болж, Billboard Hot 100 чартын 2-р байранд бичигдэж байсан юм. Тэрээр 2024 оны 4-р сард “Fireworks & Rollerblades” дебют цомгоо, 2025 онд “Mystical Magical” дууг багтаасан “American Heart” хоёр дахь цомгоо гаргасан билээ. Түүний Австрали дахь аялан тоглолт Брисбэн, Мельбурн, Сидней хотуудад үргэлжлэх хуваарьтай байна.