Америкийн рэппер Фло Миллигийн (Flo Milli) 2023 оны хит уран бүтээл болох “Never Lose Me” дууны бүүт сэмплтэй холбоотой зохиогчийн эрхийн маргааныг шүүх хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргалаа.
Энэхүү заргыг Балтиморын уран бүтээлч Шамар Дил өнгөрсөн жил гаргасан юм. Тэрбээр 2019 онд “Traktrain” хэмээх онлайн платформоос Gerreaux Katana гэх продюсерын “Youu” нэртэй бүүтийг 10 жилийн онцгой эрхтэйгээр (exclusive license) 200 ам.доллароор худалдан авсан гэж мэдэгдсэн байна. Гэвч уг продюсер уг бүүтийг дараа нь реппер Babyface Ray болон 42 Dugg нарын 2023 оны “Ron Artest” дуунд дахин ашиглуулсан бөгөөд Фло Милли уг дуунаас сэмпл авч, Billboard Hot 100 чартын 15-р байранд хүрсэн “Never Lose Me” дуугаа бүтээсэн гэж үзэн нэхэмжлэл гаргасан байжээ.
Баасан гарагт шүүгч Андре Биротте (André Birotte Jr.) нэхэмжлэлийг хэлэлцээд Шамар Дил уг бүүтийг хууль ёсоор эзэмшээгүй байна гэж дүгнэсэн байна. Зохиогчийн эрхийн хуулийн дагуу аливаа онцгой эрхийн гэрээнд хоёр тал хоёулаа гарын үсэг зурсан байх шаардлагатай байдаг ч Traktrain платформ Katana-гаас албан ёсны гарын үсэг аваагүй байжээ.
Шүүгч шийдвэртээ зохиогчийн эрх шилжүүлэхэд эрх эзэмшигч нь цаасан дээр гарын үсэг зурж баталгаажуулах ёстой гэсэн тодорхой дүрэм үйлчилдэг болохыг дурдсан байна.
Хэдийгээр шүүх зарга засах боломжгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон ч Дилийн өмгөөлөгч Ларри Зернер тус шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд давж заалдах шатны шүүхэд хандахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Харин Babyface Ray болон түүний дистрибьютор EMPIRE компанийн өмгөөлөгч шүүхийн үндэслэлтэй шийдвэрт талархаж байгаагаа илэрхийлсэн байна.