Технологийн ертөнцөд олны танил хүмүүсийн үүсгэн байгуулсан стартапууд анхаарлын төвд байдаг ч энэ удаад Phia компани нэлээд ноцтой асуудалтай тулгарч байна. Билл Гейтсийн охин Фиби Гейтс болон түүний найз София Кианни нарын хамтран байгуулсан, худалдан авалт хийхэд зориулагдсан Phia стартап нь “күүки чихэх” (cookie stuffing) гэх үйлдэл хийсэн хэмээн буруутгагдаж эхэллээ.
Bloomberg агентлагийн хийсэн мөрдлөгийн үр дүнд Phia компани өөрсдийн оролцоогүйгээр хийгдсэн худалдан авалтуудаас шимтгэл авч, борлуулалтын кредитийг өөрийн болгож байсныг тогтоожээ. “Күүки чихэх” гэдэг нь хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр эсвэл бодит үйлчилгээ үзүүлэлгүйгээр борлуулалтын түншлэлийн холбоосыг хэрэглэгчийн браузерт суулгаж, улмаар тухайн борлуулалтаас шимтгэл авахыг хэлдэг хууль бус шахам арга юм.
Phia нь хэрэглэгчдэд онлайн худалдан авалт хийхэд туслах зорилготой стартап бөгөөд энэхүү үйл ажиллагаа нь тус компанийн нэр хүндэд томоохон цохилт болоод байна. Одоогоор тус компани болон үүсгэн байгуулагчдын зүгээс энэхүү мөрдлөгийн талаар албан ёсны тайлбар хийгээгүй байгаа юм.