Билл Гэйтсийн охин Фиби Гэйтс болон түүний Стэнфордын их сургуулийн өрөөний анд София Кианни нарын хамтран үүсгэн байгуулсан Phia нэртэй худалдааны стартап хүндхэн нөхцөл байдалтай тулгарлаа. Энэхүү браузерын өргөтгөл нь хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнийг хямд үнээр олоход туслах зориулалттай байсан ч, бодит байдал дээр өөр зорилгоор ашиглагдаж байсан байж болзошгүй гэж Bloomberg агентлаг мэдээлэв.
Асуудал юунд байв?
Bloomberg-ийн хийсэн мөрдлөг, түүнчлэн Capital One Shopping болон судлаач Бэн Эделман нарын бие даасан туршилтаар Phia нь хэрэглэгчдийг төлбөр тооцоо хийх үед браузер дээрээ чимээгүйхэн шинэ цонх нээж, өөрийн түншлэлийн холбоосыг (affiliate link) автоматаар суулгадаг болохыг тогтоожээ. Ингэснээр хэрэглэгч тухайн бүтээгдэхүүнийг өөр вэбсайт эсвэл сурталчилгааны линкээр дамжин олсон байсан ч, Phia уг борлуулалтын шимтгэлийг өөртөө авч байсан аж. Энэхүү үйлдлийг технологийн салбарт «cookie stuffing» буюу шимтгэлийн залилан гэж нэрлэдэг.
Жишээлбэл, Bloomberg-ийн туршилтаар Nordstrom худалдааны сайт руу Wirecutter-ийн нийтлэлээр дамжин ороход Phia нь цаана нь өөрийн линкийг суулгаж, анхны эх сурвалжийн мэдээллийг сольж байжээ. Үүний улмаас Impact.com түншлэлийн платформ тус компанийг үйл ажиллагаагаа түр зогсоохоос аргагүйд хүрсэн байна.
Компанийн тайлбар
Нийгмийн сүлжээнд энэ асуудал хүчтэй шүүмжлэл дагуулж байгаа бөгөөд Phia компани үүнийг санаатай үйлдэл биш, харин програм хангамжийн алдаа байсан гэж мэдэгдлээ. Тэдний хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, сүүлийн үеийн кодын шинэчлэлтийн үеэр хэрэглэгчдийн дунд ийм буруу бүртгэл үүссэн байж болзошгүй бөгөөд баг нь уг алдааг засварлахаар ажилласан гэжээ. Одоогоор Impact.com платформ үүссэн нөхцөл байдал болон нөлөөлөлд өртсөн гүйлгээнүүдийг шалгаж байна.