Крипто биржүүд дээр байгаа биткойны нийлүүлэлт багасаж байгаатай холбоотойгоор тус криптовалютын ханш дээшлэх боломжтой талаар CryptoQuant судалгааны байгууллагын шинжээч даваа гарагт гаргасан тайландаа дурджээ.
Тайланд дурдсанаар, биржүүд дэх биткойны хэмжээ өнгөрсөн хоёрдугаар сараас хойш 2.8 саяас 2.67 сая болж буурсан байна. Биткойны ханш сүүлийн байдлаар 83,485 ам.долларт хүрч, сүүлийн 24 цагт бараг өөрчлөгдөөгүй боловч өнгөрсөн 30 хоногийн хугацаанд 8 хувиар өссөн бөгөөд сүүлийн жилүүдийн хамгийн сайн улирлаа үдлээ. Тус койны ханш найм болон есдүгээр сард өссөн нь хэд хэдэн шинжээчдийг уналтын үе (bear market) дууссан гэж дүгнэхэд хүргэжээ.
Эрэлт, нийлүүлэлтийн зөрүү ба зах зээлийн төлөв
On-chain шинжээч Rei Researcher тайландаа: “Хэрэв биржийн нийлүүлэлт бага хэвээр байх үед худалдан авах эрэлт үргэлжлэн сайжирвал биткойн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэргүй байдлаас ашиг хүртэж, урт хугацааны өсөлтийн чиг хандлагад таатай нөхцөл бүрдэж болзошгүй” гэж тэмдэглэсэн байна. Мөн сүүлийн долоо хоногуудад ханш доод цэгээсээ сэргэж байхад биржийн нөөц үргэлжлэн буурч байгаа нь арилжаалахад бэлэн нийлүүлэлт багасаж буйг харуулсан чухал үзүүлэлт болохыг нэмж онцолжээ. Түүнчлэн хөрөнгө оруулагчид биткойноо биржүүдээс татан авч, хүйтэн хэтэвчинд (cold storage) хадгалж байх магадлалтай гэж тайланд дурдсан байна.
Биткойны ханш 2026 оны эхний хагаст ихэвчлэн 65,000 ам.доллароос доош арилжаалагдаж байсан бөгөөд 2025 оны аравдугаар сард хүрсэн түүхэн дээд цэг болох 126,080 ам.доллароос хойш энэ жилийн ихэнх хугацааг уналтын зах зээлд өнгөрүүлсэн юм. Харин наймдугаар сард АНУ-ын Сангийн яам хөрвөх чадварыг дэмжих буцаан худалдан авах ажиллагааныхаа хэмжээг хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн мэдээ гарснаар нөхцөл байдал өөрчлөгджээ. Энэ нь ам.долларын ханшийг сулруулж, биткойн болон бусад хүүгийн өгөөжгүй хөрөнгийн үнийг чангатгасан байна. Үүний үр дүнд мөнгөн тэмдэгтийн үнэ цэнийн уналтаас сэргийлэх хөрөнгө оруулалт дахин идэвхжиж, шинжээчдийн үзэж буйгаар биткойн 2024, 2025 онуудын адил үүнээс үр шим хүртэж байгаа ч одоогоор түүхэн дээд хэмжээнээсээ 30 гаруй хувиар доогуур хэвээр байна.