Технологийн салбарын нөлөө бүхий эрхэм, Twitter-ийг үүсгэн байгуулагчдын нэг Жэк Дорси багийн гишүүд болон хиймэл оюун ухаант агентуудад зориулсан шинэ чат платформ бүтээснээ зарлалаа. Buzz хэмээн нэрлэсэн энэхүү аппликейшн нь Slack зэрэг одоогийн түгээмэл ашиглагддаг платформуудаас хараат байдлыг бууруулах зорилготой юм.

Төвлөрсөн бус технологи

Жэк Дорсигийн үүсгэн байгуулсан Block компанийн мэдээлснээр, тус аппликейшн нь Nostr хэмээх төвлөрсөн бус сошиал сүлжээний протокол дээр суурилжээ. Энэхүү платформ нь нээлттэй эх (open source), өөрөө өөрийгөө удирдах боломжтой, загвараас үл хамаарах шинж чанартай гэдгээрээ онцлог юм. Buzz нь багийн гишүүд болон хиймэл оюун ухаант агентууд нэг орон зайд харилцахаас гадна төлөвлөлт, төслийн удирдлага, кодчилол хийх боломжийг олгодог байна.

Хүн ба хиймэл оюун ухааны хамтын ажиллагаа

Block компанийн хиймэл оюун ухааны чадамж хариуцсан тэргүүн Брэдли Аксен хэлэхдээ, "Компани бүрт хүн болон агентууд хамтран ажиллах орон зай хэрэгтэй болно. Энэ орон зай нь хувийн өмчлөлийнх байх уу, эсвэл нээлттэй байх уу гэдэг нь гол асуулт юм. Бид үүнийг нээлттэй байх ёстой гэж үзэн Buzz-ыг бүтээсэн" хэмээн онцолжээ.

Жэк Дорси нь өмнө нь Square болон Cash App зэрэг компаниудыг удирдахын зэрэгцээ Биткойныг дэлхий нийтийн валют болгохын төлөө идэвхтэй ажиллаж ирсэн нэгэн юм. Тэрээр Биткойныг "өдөр тутмын мөнгө" хэмээн тодорхойлж, Сатоши Накамотогийн Биткойны цагаан цаасыг "яруу найраг" хэмээн үнэлдэг билээ. Түүний удирддаг Block компани нь өмнө нь Биткойн олборлох төхөөрөмж болон Lightning сүлжээгээр дамжуулан төлбөр хүлээн авах шийдлүүдийг гаргаж байсан удаатай.