Шведийн Биткойны сан хөмрөг бүрдүүлэгч B Treasury Capital AB компани өөрийн шинээр гаргасан BTC PREF давуу эрхтэй хувьцаагаа долдугаар сарын 20-ны Даваа гарагт Spotlight хөрөнгийн бирж дээр арилжаалж эхлэхээр төлөвлөж байна. Гэвч тус компанийн гаргасан хувьцааны санал хүлээгдэж байсан хэмжээнд хүрсэнгүй.

Компанийн мэдээлснээр, нийт 195,078 ширхэг хувьцаа санал болгосноос хөрөнгө оруулагчид ердөө 102,025 ширхэгийг буюу 52 хувийг нь захиалжээ. Үүний улмаас үлдсэн 47.7 хувь нь борлогдоогүй үлдсэн байна. Энэхүү арилжаагаар компани 12.2 сая SEK (ойролцоогоор 1.26 сая доллар)-ын нийт орлого олсон нь төлөвлөж байсан 23.4 сая SEK-ээс даруй хоёр дахин бага үзүүлэлт юм.

Хөрөнгө оруулагчдын хүлээлт ба эрсдэл

BTC PREF хувьцаа нь 10 хувийн орлого амлаж байгаа бөгөөд 120 SEK-ийн үнэтэй хувьцаа тутамд жилд 12 SEK-ийн ногдол ашиг олгохоор төлөвлөжээ. Гэхдээ ногдол ашгийн төлөлт нь компанийн нөхцөл байдлаас шалтгаалан хойшлогдох эрсдэлтэй бөгөөд төлөгдөөгүй ногдол ашиг нь хүүгүйгээр хуримтлагддаг байна.

Хөрөнгө оруулагчид энэхүү хувьцааг авснаар компанийн Биткойны нөөцийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулах боломжтой боловч, үнийн хэлбэлзэл болон санхүүгийн эрсдэл нь тэднийг эргэлзэхэд хүргэж байна. Хэрэв хувьцааны үнэ 120 SEK-ээс доош унавал хөрөнгө оруулагчид илүү өндөр өгөөж шаардаж байгааг илтгэх юм. Одоогоор тус компани хувьцааны борлуулалтаас олсон орлогоо хэрхэн хуваарилах болон ногдол ашгийн нөөцөө хэрхэн бүрдүүлэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.