Криптовалютын томоохон биржүүдийн нэг болох Kraken-ийн толгой компани Payward нь Европын холбооны банкны тусгай зөвшөөрөлтэй Saldo Bank-ийг худалдан авах эцсийн гэрээнд гарын үсэг зурснаа зарлалаа. Энэхүү хэлцлийн үр дүнд Payward компани Европын таван зах зээлд өөрийн байр суурийг тэлэх боломжтой болж байна.
Тодруулбал, Payward нь Финландын Saldo Finance Oy холдинг компанийг худалдан авч байгаа юм. Тус холдингийн охин компани болох Saldo Bank UAB нь Литва улсад бүртгэлтэй, дижитал суурьтай төрөлжсөн банк бөгөөд Литва, Финланд, Швед, Герман улсуудад үйл ажиллагаа явуулдаг төдийгүй Нидерланд руу үйл ажиллагаагаа нэвтрүүлэх зөвшөөрөлтэй ажээ. Санхүүгийн нарийн нөхцөлийг олон нийтэд зарлаагүй энэхүү худалдан авалт нь зохицуулагч байгууллагуудын зөвшөөрлийг авснаар 2027 онд бүрэн дуусах төлөвтэй байна.
Уламжлалт санхүү рүү чиглэсэн алхам
Сүүлийн үед крипто биржүүд хэрэглэгчдэдээ хувьцаа, бонд зэрэг уламжлалт хөрөнгийг арилжаалах боломжийг олгож, уламжлалт санхүүгийн салбар руу эрчимтэй нэвтэрч байгаа юм. Payward-ийн хамтран гүйцэтгэх захирал Аржун Сети энэ талаар ярихдаа "Европын холбооны зохицуулалттай банктай болсноор бид Европын хэрэглэгчдэдээ үндсэн санхүүгийн байгууллагын үүргийг гүйцэтгэх боломж бүрдэнэ. Бид үүнийг Европын холбооноос эхлүүлж байгаа ч цаашдын зорилго маань дэлхий дахиныг хамарна" гэж онцолжээ.
Худалдан авалт бүрэн дууссаны дараа Payward Banking нь хадгаламжийн хүү олгох, жижиг дунд бизнес болон хэрэглээний зээл гаргах, кредит карт, картын үйлчилгээ болон SEPA төлбөрийн систем зэрэг олон төрлийн санхүүгийн хэрэгслийг санал болгохоор төлөвлөж байна. Saldo банк нь одоогийн байдлаар үйл ажиллагаа явуулдаг дөрвөн зах зээлдээ хугацаатай хадгаламж, Литва, Финланд, Шведэд хэрэглээний зээл, мөн Финландад кредит картын үйлчилгээ үзүүлдэг юм.
Payward-ийн сүүлийн үеийн тэлэлт
Payward компанийн мэдээлснээр тэд өмнө нь АНУ-ын Холбооны нөөцийн сангийн хязгаарлагдмал мастер данс, Ирландын Төв банкнаас цахим мөнгөний тусгай зөвшөөрлийг авсан бөгөөд нийт 2 тэрбум гаруй ам.долларын зээл олгоод байгаа аж. Мөн тус компани Дубайн Виртуал хөрөнгийн зохицуулах газраас зөвшөөрөл авч, Арабын Нэгдсэн Эмират Улсад үйл ажиллагаагаа эхлүүлэх төлөвлөгөөгөө саяхан зарласан билээ.
Үүнээс гадна Nasdaq компани Payward-д 21 тэрбум ам.долларын үнэлгээтэйгээр 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байсан тухай есдүгээр сард Bloomberg мэдээлж байв. Мөн Payward болон SoFi Technologies компаниуд SoFi-ийн хэрэглэгчдийн крипто захиалгыг Kraken Prime брокерын системээр дамжуулахаар саяхан тохиролцжээ.