Цахим тоглоомын ертөнцөд өргөн ашиглагддаг 'loot box' буюу тоглоомын доторх санамсаргүй эд зүйлс хожих систем нь дэлхий даяар маргаан дагуулсаар байна. Саяхан Бразил улсын Холбооны дүүргийн Хүүхэд, залуучуудын шүүхээс Valve (Steam платформыг эзэмшигч), Riot Games (League of Legends, Valorant тоглоомуудын хөгжүүлэгч), EA (Electronic Arts) зэрэг есөн томоохон компанийг нийт 298 сая бразил реал буюу 58.4 сая ам.долларын нөхөн төлбөр төлөх шийдвэр гаргажээ.
Энэхүү шийдвэр нь тус компаниудын тоглоом доторх мөнгө төлж авдаг, үр дүн нь тодорхойгүй 'loot box' систем нь мөрийтэй тоглоомтой төстэй шинжтэй бөгөөд хүүхэд, залуучуудад сөрөг нөлөө үзүүлж байна гэсэн үндэслэл дээр суурилсан байна. Шүүхээс зөвхөн торгууль оногдуулаад зогсохгүй, эдгээр компаниудыг тоглоомын мөнгө олох арга барилаа эрс өөрчилж, хэрэглэгчдийг хохироохгүй байхыг үүрэг болгожээ.
Компаниудын хувьд 'loot box' нь орлогын томоохон эх үүсвэр болдог. Гэвч шүүхийн дүгнэлтээр, энэ нь хэрэглэгчдийг, ялангуяа өсвөр насныхныг тоглоомд донтуулах, мөнгөө үр ашиггүй зарцуулах эрсдэлд оруулж байна гэж үзсэн байна. Бразилийн энэхүү алхам нь дэлхийн бусад улс орнуудад тоглоомын салбарын зохицуулалтыг чангатгах жишиг болох магадлалтай юм.
Одоогоор Valve, Riot Games болон бусад нэр дурдагдсан компаниуд шүүхийн шийдвэртэй холбоотойгоор албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. Гэсэн хэдий ч энэ нь тоглоом хөгжүүлэгчид болон хэрэглэгчдийн хоорондох 'мөнгө олох арга барил'-ын талаарх урт удаан үргэлжилсэн маргаанд томоохон эргэлт болж байна.