Поп од Бритни Спирс өнгөрсөн бямба гарагт (11-р сарын 21) Инстаграм хуудсаараа дамжуулан гэр бүлийнхнээсээ уучлалт гуйжээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд гэр бүлийн зөрчил, дурсамжуудыг олон нийтэд дэлгэж байсандаа харамсаж буйгаа илэрхийлсэн байна.

Спирс нийтлэлдээ "Өнгөрсөн асуудлуудыг сөхсөндөө маш их уучлалт гуйж байна. Гэхдээ зүрх сэтгэлээ хамгаалах хэрэгтэй гэдгээ мэдэрсэн учраас л би тэгсэн байх. Би ингэж л хайрладаг, нэгэнт хайрлавал үнэхээр чин сэтгэлээсээ хайрладаг" хэмээн бичжээ. Мөн өөрийн үйлдлийг "хүүхэд шиг бөгөөд ичмээр" гэж тодорхойлоод, гэр бүлийнхэнтэйгээ энэ талаар нүүр тулан ярилцаж байгаагүй болохоо дурдсан байна. Тэрбээр цааш нь "Би зүгээр л тэднийг галзууртлаа санаж байна! Мөн маш их уучлалт гуйж байна!" хэмээн бичээд, өөрийгөө ийм сайхан гэр бүлтэй байх хувь тохиосонд талархаж буйгаа нэмж өгүүлжээ.

Бритни Спирс нь салсан эцэг эх болох Жэйми, Линн Спирс нарын ууган хүүхэд бөгөөд Брайан хэмээх ах, Жэйми Линн хэмээх эмэгтэй дүүтэй юм. Тэдний харилцаа олон жилийн турш нийтэд ил тод хурцадмал байсан билээ. 2008 оны хоёрдугаар сараас эхлэн түүний эцэг Жэйми Спирс асран хамгаалагчаар томилогдож, дуучны санхүү, карьер, хувийн амьдралыг 13 жилийн турш бүрэн хянаж байсан юм. 2021 оны зургаадугаар сард шүүх хурал дээр Бритни Спирс уг асран хамгаалалтын эсрэг мэдүүлэг өгсний дараа тухайн оны 11-р сарын 12-нд Лос-Анжелесын шүүх уг дэглэмийг бүрмөсөн цуцалсан билээ.

Асран хамгаалалт дуусгавар болсноос хойш тэрбээр уран бүтээлээ үргэлжлүүлэн гаргасаар байна. Тухайлбал, 2022 онд Элтон Жонтой хамтран "Hold Me Closer", 2023 онд will.i.am-тэй хамтран "Mind Your Business" дуунуудыг гаргасан юм. Түүнчлэн энэ сарын эхээр түүний нэрээр нэрлэгдсэн гурав дахь цомгийн 25 жилийн ойн хувилбар гарсан бөгөөд үүнд 11 бонус дуу багтсаны тав нь өмнө нь цацагдаж байгаагүй хувилбарууд байв.