Бэлгийн замын эрүүл мэнд, хамгаалалтын гол хэрэгсэл болох бэлгэвч биедээ авч явах тал дээр эмэгтэйчүүд нийгмийн давхар стандарттай нүүр тулгарсаар байгааг шинэ судалгаа харууллаа.
Moments Sexual Wellness Study 2026 судалгаанд Австралийн 18-45 насны 1,111 эмэгтэйг хамруулжээ. Судалгаанд оролцогчдоос өөр нэгэн эмэгтэй бэлгэвч авч яваа тухай асуухад 45.4 хувь нь "бэлгийн харилцаанд орохоор төлөвлөж байна", 38.6 хувь нь "замбараагүй явдалтай" гэж хариулсан байна. Харин эрэгтэй хүн бэлгэвч авч явах тохиолдолд хамгийн түгээмэл хариулт нь "бэлтгэлтэй байна" (43.9 хувь) гэсэн эерэг хандлага байв.
Худалдан авахад амар болсон ч шүүмжлэл арилаагүй
Судалгааны дүнгээс үзвэл 10 жилийн өмнөхтэй харьцуулахад бэлгэвч худалдан авах нь эмэгтэйчүүдэд илүү хялбар болсон ч биедээ авч явсны төлөө бусдаар шүүмжлүүлэх айдас, мэдрэмж улам нэмэгджээ.
Судалгаанд хамрагдсан дөрвөн эмэгтэй тутмын гурав нь бэлгэвч худалдаж авахдаа бусдаас нуух, өөр бараан дунд далдалж тавих эсвэл бүр худалдан авалтаа хаяж явсан тохиолдол гарчээ. Мөн зарим эмэгтэйчүүд дэлгүүр хүнгүй болохыг хүлээх, танихгүй газарт очиж авах, өөр хүнээр авахуулах эсвэл онлайнаар захиалах аргыг сонгодог байна. Түүнчлэн оролцогчдын гуравны хоёр нь хоёулаа бэлгэвчгүй байсны улмаас хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орж байснаа дурджээ.
Бэлгийн боловсролын багш Элеанор Хэдлигийн тайлбарласнаар, сүүлийн арван жилд өөртөө үйлчлэх касс, лангууны байршил сайжирч, олон нийтийн яриа нээлттэй болсон ч бэлгэвчтэй холбоотой сөрөг хандлага арилаагүй, харин хувийн орон зайд шилжсэн байна. Үүний үр дүнд Moments Wellness зэрэг бэлгэвчний брэндүүд хэрэглэгчдийн нууцлалыг хадгалсан шууд хүргэлтийн үйлчилгээг санал болгож эхэлжээ.