Технологийн хөгжил эрчимжихийн хэрээр бүтээлч ур чадвар нь техникийн мэдлэгээс илүү үнэ цэнтэй болж байна. Resume.org сайтын хийсэн судалгаагаар ажилд зуучлагчдын 57 хувь нь бүтээлч ажилтнуудыг хиймэл оюун ухаанаар орлуулах нь хэцүү гэж үзжээ. Дэлхийн эдийн засгийн форумын "2025 оны ажлын байрны тайлан"-д ч бүтээлч сэтгэлгээг ажил олгогчдын нэн тэргүүний зорилт хэмээн онцолсон байна.

"Суут ухаантан" гэх нэр томьёоны алдаа

Торонтогийн их сургуулийн судлаачид 9,000 гаруй ажлын зарыг судалж, ажил олгогчид бүтээлч ажилтан хайхдаа "суут ухаантан", "алсын хараатай", "давтагдашгүй" гэх мэт үгсийг түгээмэл ашигладаг болохыг тогтоожээ. Гэвч ийм үг хэллэг нь хүссэн үр дүнд хүргэдэггүй байна. Судалгаанд оролцсон 2,000 ажил хайгчийн дунд явуулсан туршилтаар "суут ухаантан" гэсэн үг ашигласан зарнаас илүүтэйгээр "судлаач", "сониуч", "туршилт хийх" гэсэн утга агуулсан зарыг илүү олон хүн сонирхож, хандсан байна.

Бүтээлч байдлыг дахин тодорхойлох нь

Судлаачдын үзэж буйгаар "суут ухаантан" эсвэл "авьяаслаг" гэх үгс нь эмэгтэйчүүдийг ажилд орохоос сэрэмжлүүлж, илүү эрэгтэйлэг орчинтой ажлын байр гэсэн сэтгэгдлийг төрүүлдэг байна. Мөн энэ төрлийн үгс нь олон төрлийн дэвсгэр бүхий ажил горилогчдыг татахад саад болдог аж.

Харвардын бизнесийн тоймд дурдсанаар, байгууллагууд бүтээлч байдлыг "төрөлхийн авьяас" гэж харахын оронд "хийдэг ажил" гэж харах хэрэгтэй байна. Ажил олгогчид бүтээлч ажилтныг татахын тулд "туршилт", "судлал", "хамтын ажиллагаа", "сониуч зан", "эргэх холбоо" гэх мэт үгсийг ашиглах нь илүү үр дүнтэй гэж судлаачид зөвлөж байна. Ингэснээр байгууллагууд зөвхөн өргөдлийн тоог нэмэгдүүлээд зогсохгүй, инновацийг хөтлөн авч явах жинхэнэ бүтээлч "судлаачдыг" татах боломжтой болох юм.