Эфириумыг (Ethereum) хамтран үүсгэн байгуулагч Виталик Бутерин 11 дүгээр сарын 26-нд нийтлэл гаргаж, крипто салбарын аюулгүй байдал нь төхөөрөмж доторх биет чипний түвшинд хүрэх ёстой хэмээн үзжээ. Тэрбээр уг санаагаа "Not your silicon, not your keys" буюу "Таны цахиур биш бол таны түлхүүр биш" гэсэн үгээр тодорхойлсон байна.

Чипний загварыг нийтэд нээлттэй болгох санал

Бутерин төхөөрөмж үйлдвэрлэгчдийг чипний биет бүтцийн загвар болох GDS файлуудаа нийтлэхийг уриалжээ. Ингэснээр шинжээчид бодит тоног төхөөрөмжийг анхны загвартай нь харьцуулан шалгах боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Судлаач Эндрю Хуангийн боловсруулсан хэт улаан туяаны шалгалтын техник (IRIS) нь чипийг салгахгүйгээр шалгах боломжтой ч нарийвчлалын хувьд хязгаарлагдмал бөгөөд бүх асуудлыг бүрэн шийдэх арга биш юм. Бутерины уг нийтлэл нь шинэ санал бөгөөд одоогийн хэрэглэгдэж буй техник хангамжийн хэтэвчүүд эвдэрсэн эсвэл халдлагад өртсөн гэсэн мэдэгдэл биш аж. Мөн энэхүү нийтлэлийг гаргаснаар түүнд Эфириумыг дангаар өөрчлөх эрх мэдэл олгогдохгүй.

Виталик Бутерин гэж хэн бэ?

Өдгөө 32 настай, Орос-Канад гаралтай программ зохиогч, судлаач, зохиолч Виталик Бутерин нь 2013 онд буюу 19 настайдаа Эфириумыг анх санаачилжээ. Тэрбээр 1994 онд Орост төрж, Канадад өссөн бөгөөд 2011 онд Биткойныг судалж эхэлсэн байна. Улмаар "Bitcoin Magazine" сэтгүүлийг хамтран үүсгэн байгуулж байв.

Бутерин Ватерлугийн их сургуульд компьютерын шинжлэх ухааны чиглэлээр суралцаж, криптографч Иэн Голдбергийн туслах судлаачаар ажиллаж байжээ. Ватерлугийн их сургуулийн мэдээлснээр тэрбээр 2014 онд 100,000 ам.долларын "Thiel Fellowship" тэтгэлэг хүртэж, их сургуулиа орхин Эфириум дээр бүрэн цагаар ажиллах болсон юм. Үүнээс өмнө буюу 2013 оны 11 дүгээр сард тэрбээр Эфириумын цагаан номын (whitepaper) анхны нооргийг бичиж байжээ.

Аркхамын (Arkham) тооцоолсноор Бутерины мэдэлд ойролцоогоор 390 сая ам.долларын хөрөнгө (ихэнх нь 224,000 орчим ETH) хамаарч байгаа ч түүний нийт хөрөнгийн бодит хэмжээ олон нийтэд албан ёсоор тодорхойгүй байна.