Австралийн мэргэжлийн гольфчин Мин Вү Ли Энэтхэгийн Дели хотод зохион байгуулагдаж буй DP World India Championship тэмцээний хоёрдугаар тойргийн үеэр ходоод өвдөж, улмаар нуруу татсаны улмаас тэмцээнээ үргэлжлүүлэх боломжгүй болсноо мэдэгдлээ.

Тэрбээр өөрийн Instagram хуудсаараа дамжуулан: "DP World India Championship тэмцээнээс нэрээ татах болсондоо харамсаж байна. Ходоодны өвчнөөс болж нуруу маань хүчтэй татаж, энэ амралтын өдрүүдэд тоглох боломжгүй боллоо" хэмээн бичжээ. Түүнчлэн зохион байгуулагчид болон хөгжөөн дэмжигчдэдээ талархал илэрхийлээд, одоо биеийн байдлаа 100 хувь сэргээхэд анхаарна гэдгээ онцолсон байна.

Мин Вү Ли тэмцээний эхний өдөр нэг цохилт дутуу буюу 71 оноотой дуусгасан байв. Гэвч хоёр дахь тойрогт тав дахь нүхний дараа тоглолтоо зогсоожээ. Энэ үед тэрбээр уг тойрогт нэг цохилт илүү, нийлбэр дүнгээр тэнцүү оноотой явж байсан юм.

Сонирхолтой нь, тэмцээн эхлэхээс өмнө тэрбээр нутгийн хоолны соёлтой танилцаж, 10-р сарын 14-ний хэвлэлийн хурал дээр баттер чикен болон ахлах тогооч Гойлатай хамт чаат хийж идсэнээ сонирхуулан ярьж байжээ. Гэхдээ тамирчин өөрийн биеийн таагүй байдлыг ямар нэгэн тодорхой хоолтой холбож тайлбарлаагүй бөгөөд өвчний яг тодорхой шалтгааныг дурдаагүй байна.

Гольфын талбайд чадварлаг цохилтууд хийдгээрээ алдартай бөгөөд "The Chef" хочтой, "Let Him Cook" гэх уриа үгээрээ танигдсан Ли ийнхүү Энэтхэг дэх анхны тэмцээнээ төлөвлөснөөсөө эрт дуусгахаас өөр аргагүй боллоо.