Грекийн парламент криптовалютын хөрөнгийн орлогын ашгаас 10 хувийн татвар авах хуулийн төслийг пүрэв гарагт баталлаа. Энэ нь тус улсад крипто хөрөнгийг татваржуулах анхны иж бүрэн эрх зүйн зохицуулалт болж байна.

Өмнө нь 10 дугаар сард гарч байсан төсөлд уг татварын хувь хэмжээг 15 хувь гэж тусгаад байсан бол парламентын баталсан хувилбарт таван нэгжээр бууруулжээ. Шинэ зохицуулалт нь 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх төлөвтэй байна.

Татвар хэрхэн тооцогдох вэ?

Батлагдсан хуульд зааснаар крипто хөрөнгөөс олох цэвэр ашиг нь жилд 500 евро ($563) хүртэл байвал татвараас чөлөөлөгдөнө. Харин ашиг уг босгыг давсан тохиолдолд 500 еврогоос давсан хэсэгт бус, тухайн жилийн нийт цэвэр ашигт бүхэлд нь 10 хувийн татвар ногдуулахаар тусгагджээ.

Татварыг нийт борлуулалтын орлогоос биш, зөвхөн анх худалдаж авсан үнэ болон шилжүүлсэн үнийн зөрүү буюу цэвэр ашгаас авна. Үүнд арилжааны шимтгэл болон бусад зардлыг хасаж тооцох боломжтой. Криптог зөвхөн еврогоор зарахад бус, бараа үйлчилгээ худалдан авах эсвэл компанийн дүрмийн санг нэмэгдүүлэхэд ашигласан тохиолдолд татварын үндэслэл үүснэ. Харин криптог зүгээр л эзэмшиж байх явцад үнэ нь өсөх, мөн криптог өөр криптогоор солих (swap) үйлдэлд татвар ногдуулахгүй.

Түүнчлэн 500 еврогоос дээш хэмжээний алдагдлыг таван жил хүртэл хугацаанд шилжүүлэн тооцож, зөвхөн ирээдүйн крипто ашгаас суутгах боломжтой юм. Мөн 2027 оноос крипто худалдан авсан эх үүсвэрийг шалгах журам хэрэгжиж эхэлнэ.

Европын Холбооны орнуудын ялгаа

Европын Холбоонд криптогийн нэгдсэн татварын систем байдаггүй. Тус холбооны гишүүн орнуудад татварын хувь хэмжээ ихэвчлэн 8-аас 30 хувийн хооронд хэлбэлздэг бөгөөд Грекийн 10 хувь нь харьцангуй зөөлөн түвшинд тооцогдож байна. Тухайлбал, Францад уг татвар 30 хувь байдаг бол Кипрт 8 хувь байдаг аж. Германд болон Португалд нэгээс дээш жил хадгалсан криптог татвараас чөлөөлдөг бол Нидерланд 2028 оноос бодит ашгийн татвар руу шилжихээр төлөвлөж байна.