NASA-гийн мэдээлснээр долдугаар сарын 29-ний өдөр сар бүтэн сар хэлбэртэй байх бөгөөд энэ сарын сарыг "Бак сар" (Buck Moon) хэмээн нэрлэж байна. Энэ үеэр сарны гадаргуугийн 100 хувь нь гэрэлтэх тул тэнгэр цэлмэг үед олон сонирхолтой зүйлсийг ажиглах боломжтой юм.

Ямар ч нэмэлт хэрэгсэлгүйгээр энгийн нүдээр харахад сарны гадаргуу дээрх Oceanus Procellarum, Copernicus тогоо болон Tycho тогоог олж харах боломжтой. Хэрэв та дуран ашиглавал Gassendi тогоо, Mare Humorum болон Clavius тогоог илүү тод харах боломжтой болно. Харин телескоп ашиглах тохиолдолд дээрх бүх зүйлсээс гадна Apollo 14 болон 16-гийн газардсан цэгүүд, мөн Rupes Altai-г харах боломжтой гэж NASA-гийн өдөр тутмын сарны хөтөч тэмдэглэжээ.

Сарны үе шат нь ойролцоогоор 29.5 хоногийн турш үргэлжлэх найман үе шаттай мөчлөгөөр явагддаг. Дэлхийг тойрох замд Нар, Дэлхий, Сарны хоорондох өнцөг байнга өөрчлөгддөг тул бид сарны гэрэлтсэн хэсгийг өөр өөр хэмжээтэйгээр хардаг байна. Энэ нь сар хавирган сараас эхлэн хагас сар, улмаар бүтэн сар болох үе шатуудыг үүсгэдэг. Дараагийн бүтэн сар наймдугаар сарын 28-нд тохиох юм.