АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн бямба гарагт өөрийн Truth Social сүлжээгээр дамжуулан хиймэл оюун ухааны тусгай хүчин буюу "AI Force" байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр уг бүтцийг өөрийн эхний бүрэн эрхийн хугацаандаа үүсгэн байгуулж байсан Сансрын хүчний (Space Force) загварт суурилна гэдгийг онцолсон байна.
Трамп мөн уг ажлыг удирдах шинэ тусгай албан тушаалтан буюу AI "хаан"-ыг (czar) удахгүй томилно гэдгээ дурджээ. Түүний хэлснээр уг албан тушаалд зөвхөн "өндөр IQ-тай" хүмүүс өрсөлдөх ёстой гэнэ. Түүнчлэн Трамп хиймэл оюун ухааны эрсдэлийн талаарх түгшүүрийг зохиомол худал зүйлс хэмээн няцааж, засаг захиргаа энэ салбарын өсөлтийг хааж боохгүй, харин ч дэмжиж, хамгаална гэдгээ илэрхийлжээ.
Сансрын хүчний загвар ба шинэ бүтцийн үүрэг
АНУ-ын Сансрын хүчин нь уламжлалт байлдааны хүчин гэхээсээ илүүтэй Агаарын цэрэг, Арми, Тэнгисийн цэргийн хооронд тархсан хиймэл дагуул, пуужингийн сэрэмжлүүлэг, холбооны системийг нэгтгэн удирдах чиглэлээр ажилладаг. Хэрэв хиймэл оюун ухааны шинэ бүтэц энэ загвараар явбал армийн хүрээнд хэрэгжиж буй AI төслүүдийг нэг дээвэр дор төвлөрүүлэх магадлалтай байна.
Энэхүү мэдэгдэл нь сүүлийн үед АНУ-ын Батлан хамгаалах яам хиймэл оюун ухааныг ашиглах явцад гарсан хэд хэдэн алдаатай давхцаж байгаа юм. Тухайлбал, Пентагоны шинжээчид өнгөрсөн хоёрдугаар сард Иран дахь охидын сургуульд цохилт өгч, олон арван хүн амиа алдсан явдалд AI-д хэт найдаж шийдвэр гаргасан эсэхийг шалгаж буй. Мөн АНУ-ын армийн шинжээчийн хиймэл оюун ухаанаар үүсгэсэн худал тайланд үндэслэн Хятадын хөлөг онгоцыг шалгахаар зэвсэглэсэн цэргүүд бэлтгэж байсан тохиолдол гарчээ. Энэхүү хуурамч мэдээллийн улмаас Хятадтай дайн үүсэх дөхсөн гэж нэгэн эх сурвалж мэдээлсэн байна.