Канадын алдарт реппер Дрэйк 40 насны ойгоо Нью-Йорк хотын Casa Cipriani-д 400 гаруй зочны хамт баярлан өнгөрүүллээ. Тэрбээр 10-р сарын 24-нд албан ёсоор 40 нас хүрэхээсээ хэдэн цагийн өмнө буюу Баасан гарагийн үдэш ийнхүү төрсөн өдрөө тэмдэглэсэн байна.

TMZ-ийн мэдээлснээр уг үдэшлэгийн үеэр зочдод Chanel, Hermès брэндийн тансаг цүнхнүүд бэлэглэсэн бөгөөд хэдэн арван мянгаас 1 сая доллар хүртэлх мөнгөн шагналтай шоу тоглоом болжээ. Баярын хамгийн гэнэтийн бэлэг нь алдарт Backstreet Boys хамтлаг байсан бөгөөд тэднийг тайзан дээр дуулж байх үед Дрэйк нэгдэж, тус хамтлагийн 1999 оны алдарт “I Want It That Way” дууг хамтран дуулсан байна. Үдэшлэгийн үеэр Дрэйк “Өнөөдрийн үдэш аялан тоглолт, цомгийн нээлт эсвэл хийсэн олон клипний тухай биш. Энэ бол амьд байгаа, амьд үлдсэний тухай юм” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Энэхүү баяр нь түүний төрсөн нутаг Торонтод эхэлсэн хэд хэдэн өдрийн тэмдэглэлт үйл явдлын үргэлжлэл байв. Тэрбээр долоо хоногийн эхээр Торонтогийн CN Tower-т найзуудтайгаа цугласан бөгөөд зочдын дунд Popcaan байжээ. Үүний дараа тэрээр өөрийн Boeing 767 онгоц буюу Air Drake-ээр ээж болон ойр дотнынхоо хамт Нью-Йорк руу ниссэн байна.

Түүхэн шинэ амжилт

Дрэйкийн 40 насны ой карьерынх нь томоохон амжилттай давхацлаа. Баасан гарагт Америкийн дуу бичлэгийн холбооноос (RIAA) түүнд 30 шинэ гэрчилгээ олгосноор тэрбээр 350 сая RIAA сертификаттай нэгжийн босгыг давуулсан анхны уран бүтээлч болсон юм.

Түүний “Views”, “In My Feelings”, “Marvin’s Room” зэрэг уран бүтээлүүд шинээр Diamond зэрэглэлд хүрсэн бол “God’s Plan” дуу нь 2x Diamond болжээ. Түүнчлэн түүний хамгийн сүүлд 5-р сард гаргасан “Iceman” цомог нь ердөө таван сарын дотор платинум болсон байна. Дрэйк одоогоор нийт 18 Diamond шагнал эзэмшиж байгаа бөгөөд энэ үзүүлэлтээр аль ч уран бүтээлчээс хамгийн олонд тооцогдож буй дээд амжилтаа улам ахиуллаа.