АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Пүрэв гарагт цацагдсан «Newsmax» мэдээллийн сувагт өгсөн ярилцлагадаа Украин улс Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд дахин цохилт өгч эхэлснийг шүүмжиллээ. Тэрбээр уг үйлдлийг «шившиг» гэж тодорхойлоод, дэлхийн эрчим хүчний үнийг өндөр түвшинд барьж байна хэмээн мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн хийж буй бүхэн нь дэлхийн газрын тосны үнийг улам өсгөхөд хүргэж байгаа аж.
Үүнээс өмнө Ерөнхийлөгч В.Зеленский АНУ-ын талын зарлаад байсан эрчим хүчний дэд бүтцүүдийг хамрах гал зогсоох тохиролцооноос Киевийн тал татгалзаж буйг мэдэгдсэн юм. Түүнчлэн тэрбээр Д.Трампын Москватай хэлэлцээ хийх эрмэлзлийг шүүмжилсний дараа Украин улс ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрт цохилт өгчээ.