Дэлхий даяар гарч буй ойн түймрийн аюулыг хянах, ажиглахад илүү хялбар боллоо. Европын Холбооны дэлхийг ажиглах хөтөлбөрийн хүрээнд ажилладаг Copernicus Browser үнэгүй хиймэл дагуулын дүрслэлийн системд түймэр илрүүлэх тусгай функцийг нэмсэн байна.
Энэхүү шинэчлэлт нь наймдугаар сарын 4-нөөс эхлэн хэрэглэгчдэд нээлттэй болсон юм. Уг систем нь Европын сансрын агентлагийн Sentinel-2 хиймэл дагуулын өгөгдлийг ашигладаг бөгөөд 10 метрийн нягтаршилтайгаар олон төрлийн спектрийн дүрслэлийг үзүүлдэг. Өмнө нь тус платформ дээр 10 төрлийн үндсэн дүрслэлийн давхаргыг ашиглах боломжтой байсан бол одоо түймэрт зориулсан тусгай давхаргыг нэмж өгчээ.
Хэрэглэгчид уг шинэ давхаргыг сонгосноор түймэр гарсан бүс нутгийг илүү тодорхой харах боломжтой болсон. Тухайлбал, идэвхтэй түймрийг цагаан эсвэл шар өнгөөр, шатаж буй ургамлыг улаан өнгөөр, харин аль хэдийн шатаж дууссан талбайг бараан хүрэн эсвэл хар өнгөөр ялган харуулдаг байна. Энэхүү технологийг бараг арван жилийн өмнө боловсруулсан түймрийн дүрслэлийн скрипт дээр үндэслэн бүтээжээ.