UFC-ийн алдарт хөтлөгч Брюс Баффер болон хүнд жингийн тулаанч Жош Хокит нарын хооронд үл ойлголцол үүсээд байна. Хөтлөгч Брюс Баффер streamer N3ON-ий шууд бичлэгт оролцох үеэрээ Хокитын зан байдал болон Цагаан ордонд байхдаа АНУ-ын Тэргүүн хатагтай асан Мишель Обамаг эрэгтэй хүн гэж хэлсэнд нь сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.

Баффер ярихдаа "Тэр тулалдаж чаддаг ч ярьж байгаа зүйл нь надад таалагдахгүй байна. Жош, хэрэв чи үзэж байгаа бол уучлаарай, гэхдээ би чамайг хүндэтгэлгүй гэж бодож байна. Энэ бол түүний тоглоомын арга барил байж болох ч миний хэв маяг биш. Жаахан соёлтой байх хэрэгтэй. Цагаан ордонд хэлсэн үгэнд нь би лав талархаагүй" гэжээ.

Үүний хариуд 28 настай Жош Хокит X (хуучнаар Twitter) хуудсаараа дамжуулан хатуу хариу барьсан байна. Тэрээр: "Би октагон дотор хог яриа (trash talk) хийдэг. Гэтэл энэ холбооны зарим тамирчид бодит гэмт хэргийн түүхтэй, хүчингийн хэрэгт буруутгагдаж байсан шүү дээ. Надад ямар ч гэмт хэргийн түүх байхгүй байхад би соёлгүйд тооцогдох уу? Бид гладиаторуудын бизнест байгаа гэдгийг ойлгож байна уу? Бие биенээ алах гэж оролддог эрчүүд үлгэр дуурайлал байх ёстой гэж үү?" хэмээн бичжээ.

Хокитын бухимдал нь Баффер Жон Жонс, Конор Макгрегор зэрэг гэмт хэргийн түүхтэй супер оддыг төдийлөн шүүмжилдэггүй мөртлөө өөрийнх нь хэлсэн үгийг онцолж шүүмжилсэнд чиглэж байгаа бололтой. Өдгөө 69 настай Баффер 2018 онд Макгрегорыг тамирчдын автобус руу дайрсны дараа шүүмжилж байсан удаатай ч ерөнхийдөө тэдэнтэй ойр харилцаатай байдаг юм.

Түүнчлэн UFC-ийн гүйцэтгэх захирал Дана Уайт ч Хокитын зан чанарт дургүй гэдгээ хэлж байсан удаатай. Гэсэн хэдий ч Уайт UFC 331 тэмцээний дараа хэвлэлийн хурал дээр "Би хүмүүсийн юу ярихыг цагдааддаггүй. Хэрэв чи ялаад л байвал..." хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.