Америкийн хөлбөмбөгийн Грин Бэй Пэкерс багийн гүйгч (running back) Жош Жейкобс энэ улиралд нэг ч тоглолтод оролцоогүй байгаа бөгөөд НФЛ (Үндэсний хөлбөмбөгийн лиг) холбогдох бичлэгийг шалгахаар хүлээж буй тул түүнийг тусгай жагсаалтад (commissioner-exempt list) үлдээгээд байгаа юм.

Жейкобс тухайн бичлэг зэрэг нотлох баримтыг олон нийтэд дэлгэхээс сэргийлж шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан НФЛ-ийн тоглогч асан Т.Ж. Хоушманзаде Speakeasy нэвтрүүлэгт оролцохдоо Жейкобсыг энэ улиралд талбайд гарч тоглохгүй байх магадлалтай гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

Хэргийн нөхцөл байдал

Жейкобс тавдугаар сард хамтрагчтайгаа маргалдсаны улмаас баривчлагдсан юм. Хохирогч гомдолдоо маргааны үеэр газар шидэгдэж, толгойгоо цохин гэмтсэн гэж мэдүүлсэн байна. Улмаар наймдугаар сарын сүүлээр түүнд бусдын биед халдсан болон эд хөрөнгө сүйтгэсэн хөнгөн зэргийн хэрэг тулгажээ. Цагдаагийн мэдээлснээр гэрийн гараашид хяналтын камерын бичлэг байсан ч гэр дотор бичлэг байгаагүй аж.

Есдүгээр сард Браун тойргийн шүүх дээр Жейкобс буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй ч эсэргүүцээгүй (no contest) бөгөөд биед халдсан хэргээрээ ял сонсож, 1,000 ам.долларын торгууль төлсөн байна. Харин эд хөрөнгийн хохиролтой холбоотой хэрэгт шүүхээс хойшлуулсан шийдвэр гаргах тохиролцоог зөвшөөрчээ.

Бичлэг ил болбол ямар шийтгэл хүлээх вэ?

Хобарт/Лоренсийн цагдаагийн газраас зарим баримтыг дэлгэж болох тухай мэдэгдсэний дараа Жейкобсын өмгөөлөгчид бичлэг болон бусад баримтыг нууцлах хүсэлт гаргасан байна. Хэрэв бичлэг НФЛ-ийн гарт орвол холбоо түүнд хэр хугацаатай, хэр зэрэг хатуу шийтгэл оноохоо шийдэх төлөвтэй байна. Эх сурвалжийн мэдээлснээр тоглох эрхийг түдгэлзүүлэх шийтгэл оногдуулж тун болзошгүй байгаа юм.

Жейкобсын эзгүйд Пэкерс баг энэ улиралд гүйлтээр нийт 302 ярд авсан нь лигийн хамгийн муу үзүүлэлт болоод байна. Жейкобс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 2,258 ярд туулж, 28 тачдаун хийсэн гол тоглогчдын нэг байсан билээ. Лиг одоогоор эцсийн шийдвэрээ гаргаагүй байгаа бөгөөд иргэний хэргийн явцыг харах төлөвтэй байна.