Дэлхий даяар сая сая хүнд хүрсэн “Running Away Balloon” хэмээх алдартай комик зургийн зохиогч, Филиппиний дижитал зураач Элмер Сафлор өөрийн бүтээлийг нь зөвшөөрөлгүйгээр ашигласан хэрэгт Memes Apps, LCC компанийг буруутган шүүхэд хандлаа.

“Superelmer” нэрээр олонд танигдсан тус зураач 2017 оноос хойш өөрийн бүтээл нь мем болон тархаж байгааг таатай хүлээж авдаг байсан ч, үүнийг арилжааны зорилгоор, тэр дундаа хиймэл оюун ухаан (AI) ашиглан зар сурталчилгааны загвар болгон худалдсаныг эсэргүүцэж байгаа юм. Тэрээр Ars Technica сайтад өгсөн ярилцлагадаа, олон нийт бүтээлийг нь хуулбарлан ашиглах нь нэг хэрэг, харин AI технологи ашиглан үүнийг маш том хэмжээнд арилжаалах нь хууль бус үйлдэл гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Энэ сарын эхээр гаргасан нэхэмжлэлд дурдсанаар, Memes.ai болон Memes AI Studio платформуудыг ажиллуулдаг Memes Apps, LCC компани нь төлбөртэй захиалгын үйлчилгээгээрээ дамжуулан зураачийн зөвшөөрөлгүйгээр түүний комик зургийг зар сурталчилгааны загвар болгон борлуулж, зохиогчийн эрхийн хуулийг зөрчсөн гэж буруутгагдаж байна. Элмер Сафлор нь уг компанийг өөрийн бүтээлийг хууль бусаар ашиглаж, өргөжин тэлж буй үйлдлийг нь зогсоохын төлөө тэмцэж байна.