Тэрбумтан Илон Маск өөрийн амлалтаа биелүүлэхдээ тийм ч сайн биш гэдгээрээ танигдсан нэгэн. Түүний өгсөн амлалтуудын биелэлтийг бүртгэдэг MuskOmeter сайтын мэдээлснээр Маск амлалтынхаа ердөө 24 орчим хувийг л биелүүлсэн байдаг. Гэвч тэрбээр энэ онд өгсөн нэгэн амлалтаа бодит ажил болголоо. Тодруулбал, Маск баасан гарагийн үдээс хойш өөрийн xAI компанийн Grok Imagine видео үүсгэгч хиймэл оюуны тусламжтай бүтээсэн Хомерын «Одиссей» бүтээлийн эхний ангийг хуваалцсан байна.

Grok Imagine хуудасны мэдээлснээр уг төслийг хиймэл оюуны кино бүтээх чиглэлээр мэргэшсэн Wonder Studios болон найруулагч Дев Уолкер нар хамтран бүтээжээ. Долоон минут гаруй үргэлжлэх эхний ангид грекчүүд Тройд ирж буй үйл явдал гарах бөгөөд дүрүүд нь бүгд цагаан арьстнууд байгаа юм.

Ноланы кинотой холбоотой маргаан

Маск өнгөрсөн долоодугаар сард X хуудсаараа дамжуулан энэ он дуусахаас өмнө Grok Imagine ашиглан Хомерын урлагт нийцсэн, түүхийн хувьд үнэн бодит бүрэн хэмжээний «Одиссей» кино бүтээхээ анх амлаж байв.

Энэхүү амлалт нь найруулагч Кристофер Ноланы бүтээсэн «Одиссей» киног Маск болон барууны үзэлтнүүд олон сарын турш шүүмжилсний эцэст гарсан шийдвэр байлаа. Ноланы киноны хуяг дуулга грек гэхээсээ илүү ром хийцтэй төстэй болсон гэх шүүмжлэл гарахаас гадна Трояны Еленагийн дүрд хар арьст жүжигчин Лупита Нионгог, Синоны дүрд трансжендэр жүжигчин Эллиот Пэйжийг сонгосон нь ихээхэн эсэргүүцэл дагуулсан юм. Маск хоёрдугаар сард Ноланыг үүнээс болж нэр хүнд, зарчмаа алдлаа хэмээн мэдэгдэж байв. Мөн тэрбээр тавдугаар сард уг дүрийн сонголтыг шүүмжилсэн постуудыг дахин хуваалцаж байжээ.

Шүүмжлэлийг давсан амжилт

Маск болон барууны үзэлтэй нөлөөлөгчид Ноланы уг бүтээлийг бүтэлгүйтнэ хэмээн таамаглаж байсан ч кино долоодугаар сард нээлтээ хийхдээ 124.5 сая ам.долларын орлого олж, өндөр амжилт үзүүлсэн юм. Насанд хүрэгчдэд зориулсан (R үнэлгээтэй), бараг гурван цаг орчим үргэлжлэх бүтээлийн хувьд энэ нь асар өндөр үзүүлэлт бөгөөд одоогоор дэлхий даяар 1.7 тэрбум гаруй ам.долларын орлого олоод байна.

Харин найруулагч Ноланы хувьд хиймэл оюунд эргэлзээтэй ханддагаа илэрхийлж байсан бөгөөд хиймэл оюун ухаан хүний бүтээлч чадварыг орлоно гэдэг нь «утгагүй зүйл» хэмээн AFP агентлагт өмнө нь ярьжээ.