Meta компанийн үйлдвэрлэдэг ухаалаг шил нь хэрэглэгчдэд ил харагдах камер барих шаардлагагүйгээр бичлэг хийх боломжийг олгодог. Гэвч энэхүү технологи нь бусдыг нууцаар бичиж, дарамтлах зэрэг сөрөг үр дагавруудыг дагуулах болсон. Үүнтэй холбогдуулан Инстаграм платформ ийм төрлийн агуулгад хязгаарлалт тогтоож эхэллээ.

Инстаграмын тэргүүн Адам Моссерийн мэдээлснээр, тус платформ нь бусдыг дарамталсан эсвэл ашиг хонжоо хайсан зорилгоор хийгдсэн ухаалаг шилний бичлэгүүдийг устгах болно. Ялангуяа олны танил бус хүмүүсийг зөвшөөрөлгүйгээр бичиж, тэднийг эвгүй байдалд оруулдаг эсвэл дарамталдаг "танилцах" (pickup line) болон янз бүрийн хорлонтой бичлэгүүд энэхүү хоригт багтаж байна.

Нууц бичлэг болон хувийн нууцлал

Meta компани 2021 онд Ray-Ban брэндтэй хамтран анхны ухаалаг шилээ танилцуулж байсан бөгөөд хожим нь Oakley болон Кайли Женнер зэрэг алдартан, брэндүүдтэй хамтарчээ. Энэхүү төхөөрөмж нь зураг, видео бичлэг хийх, дуудлага хийх зэрэг олон үйлдэлтэй. Төхөөрөмж ажиллаж байх үед урд талын жижиг LED гэрэл асдаг ч хэрэглэгчид үүнийг нуух эсвэл өөрчлөх тохиолдол гардаг байв.

Инстаграм аль хэдийн нэг сая гаруй дагагчтай, ухаалаг шил ашиглан эмэгтэйчүүдийг олон нийтийн газар нууцаар бичдэг байсан хоёр аккаунтыг устгасан байна. Meta компани эдгээр аккаунтыг дарамтлах эсрэг бодлого зөрчсөн үндэслэлээр хаасан гэдгээ баталсан юм.

Арга хэмжээний хүрээ

Одоогийн байдлаар Meta компани яг хэдэн аккаунт эсвэл бичлэг устгасан, мөн харилцан яриаг хэзээ "дарамтлах" гэж үзэх талаар нарийвчилсан тоо баримт, шалгуур үзүүлэлтүүдийг зарлаагүй байна. Гэсэн хэдий ч, хоёрдугаар үеийн ухаалаг шилнүүд нь бичлэг хийх заагч гэрлийг таглавал камерыг автоматаар идэвхгүй болгох технологитой болсон. Мөн тус компани ухаалаг шилний бичлэг хийх горимыг өөрчлөх буюу "тагнах" үйлчилгээг сурталчилсан заруудыг идэвхтэй устгаж байгаа ажээ.