Биткоины авч явахад хялбар байдал, жижиг нэгжид хуваагдах чанар болон хүртээмж нь институциональ хөрөнгө оруулагчид зах зээлд нэвтрэх тусам түүнийг уламжлалт үнэ цэн хадгалах хэрэгслүүдээс улам бүр ялгаруулж магадгүй байна. Энэ тухай SALT Lending компанийн гүйцэтгэх захирал бөгөөд үүсгэн байгуулагч Шон Оуэн (Shawn Owen) BMTV сувагт ярилцлага өгөхдөө дурджээ.

Түүний үзэж буйгаар, алт болон бусад урт хугацаат хөрөнгийн үнэ унах үед биткоин харьцангуй тогтвортой байсныг онцолсон юм. Тэрээр “Биткоиныг худалдаж авах нь алтнаас хамаагүй хялбар. Тухайн бүс нутагт үймээн самуун гарч, хурдан явах шаардлага тулгарахад биткоиныг авч явах нь алтнаас ч хялбар байдаг” хэмээн ярьжээ. Түүнчлэн биткоин нь үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулахад тээвэрлэх, хуваах болон ашиглахад хамаагүй давуу талтайг нэмж тэмдэглэсэн байна.

Хөрвөх чадвар ба барьцаа

Алт, үл хөдлөх хөрөнгө болон биткоин нь бүгд урт хугацаанд үнэ цэнээ хадгалах хэрэгсэл болж чаддаг ч тэдгээрийг ашиглах, шилжүүлэхэд ихээхэн ялгаатай. Физик алтанд хадгалалт, тээвэрлэлт шаардагддаг бол үл хөдлөх хөрөнгө нь тодорхой байршилд уягдаж, худалдаж авах эсвэл зарахад цаг хугацаа ордог. Харин биткоиныг дэлхий даяар чөлөөтэй шилжүүлж, жижиг нэгжид физик саадгүйгээр хуваах боломжтой юм.

Эдгээр онцлог нь биткоин эзэмшигчдэд хөрвөх чадвар шаардлагатай үед илүү уян хатан байдлыг бий болгож болзошгүй гэж үзэж байна. Эзэмшигчид ам.доллар авахын тулд биткоиноо зарахын оронд түүнийг барьцаа болгон зээл авч, үндсэн хөрөнгөө хадгалж үлдэх боломжтой юм.

Байгууллагууд болон банкуудын хандлага

Шон Оуэн хувь хүмүүсийн биткоины талаар мэдээд “эртхэн орох байж” хэмээн харамсдаг мэдрэмж нь цаашид улс орнуудын баялгийн сан, банкууд болон томоохон байгууллагуудад ч давтагдаж магадгүй гэж үзэж байна.

Банкууд зах зээлд нэвтрэх тал дээр удаан байсан ч биткоины эргэн тойрон дахь олон асуудал шийдэгдсэний дараа оролцож эхэлж байгааг тэрээр дурдсан юм. Гэхдээ биткоины хэрэглээ болон үнийн өсөлт нь заавал шулуун шугамаар явахгүй бөгөөд зах зээл боловсорч, их хэмжээний хөрөнгө орж ирэхийн хэрээр өнгөрсөн үеийн хүчтэй савлагаа тодорхой хэмжээгээр саарч магадгүйг тэрээр анхааруулжээ.