Их Британийн алдартай поп наадмуудын нэг болох Mighty Hoopla ирэх 2027 онд тохиох 10 жилийн ойдоо зориулан томоохон уран бүтээлчдийн бүрэлдэхүүнээ зарлалаа. Анх 2017 онд эхэлж байсан тус наадам нь дараа зун Лондон хотын Броквелл паркт эргэн ирэх гэж байна.
Арван жилийн хугацаанд тус арга хэмжээ нь ЛГБТК+ хүрээллийн баяр баясал, эрх чөлөө, эв нэгдэл болон хөгжмийн хүчийг тэмдэглэхээр олон мянган хүнийг нэгтгэж ирсэн бөгөөд зохион байгуулагчид 2027 оны хөтөлбөрийг хамгийн нүсэр нь байх болно хэмээн амлажээ.
Наадам 6 дугаар сарын 5 болон 6-ны өдрүүдэд зохион байгуулагдах хуваарьтай байна. Эхний өдрийн гол үзүүлбэрийг дэлхийн поп од Robyn толилуулах бөгөөд түүний өмнө дуучин Kelis тайзнаа гарна. Харин хоёр дахь өдөр нь The Pussycat Dolls хамтлаг Их Британийн хөгжмийн наадамд анх удаа оролцож голлох үзүүлбэрийг үзүүлэхээр болжээ. Тэдний өмнө дуучин Bebe Rexha тайзнаа гарах юм.
Мөн түүнчлэн энэхүү наадамд FLO, Nicola Roberts, Eve, Sophie Ellis-Bextor, Jordin Sparks, Alcazar болон B*Witched зэрэг уран бүтээлчид оролцохоор товлогдсон бөгөөд цаашид нэмэлт уран бүтээлчдийг зарлах аж.
Шинэ үеийн ЛГБТК+ авьяастнуудыг дэмждэг "Queertopia" тайзан дээр Tom Rasmussen, Empress Of болон Tsatamis нар тоглохоор болсон бол DJ нарыг нэгтгэдэг "The Bump" бүжгийн талбайд Nina Sky, Bridge, Ultra Naté нар үзүүлбэрээ үзүүлнэ.
Энэхүү арга хэмжээний тасалбар 11 дүгээр сарын 3-ны мягмар гарагт худалдаанд гарч эхэлнэ. Сануулахад, энэ зун зохион байгуулагдсан 2026 оны наадамд 60,000 гаруй үзэгч цуглаж, Jade, Lily Allen, Jessie J тэргүүтэй олон уран бүтээлч оролцсон билээ.