АНУ-ын нэр хүндтэй Йелийн их сургуулийн Executive MBA хөтөлбөрт суралцаж байсан Тьерри Ригнол тус сургуулийн эсрэг 13 заалт бүхий холбооны шүүхийн нэхэмжлэл гаргалаа. Уг маргаан нь оюутан Ригнолыг хиймэл оюун ухаан ашиглан хуурсан гэх үндэслэлээр буруутгаснаас үүдэлтэй юм.

Ригнол нь тус хөтөлбөрт 208,500 ам.долларын сургалтын төлбөр төлөн суралцаж байсан бөгөөд ангидаа тэргүүн байр эзлэх боломжтой шилдэг оюутан байсан гэдгээ мэдэгджээ. Гэвч "Sourcing and Managing Funds" хичээл дээр хиймэл оюун ухаан ашигласан гэх үндэслэлээр сургуулийн зүгээс түүнийг нэг жилийн хугацаатай сургуулиас түдгэлзүүлж, тухайн хичээлд нь "F" буюу хангалтгүй үнэлгээ өгсөн байна.

Нэхэмжлэгчийн зүгээс уг шийдвэр нь түүнийг сургуулийн тогтоосон шалгуурын дагуу хүртэх ёстой байсан "төгсөлтийн тэргүүний оюутан" (valedictorian) цолоо авахад саад болсон гэж үзэж байгаа юм. Одоогоор энэхүү маргаан нь хуулийн дагуу үргэлжилж байна.