Казахстан улс 2026 онд зохион байгуулагдах 'Games of the Future' тэмцээний бэлтгэл ажлыг эрчимтэй хангаж байна. Тус тэмцээнийг зохион байгуулагч бөгөөд эрхийг эзэмшигч 'Phygital International' байгууллагаас нийт 15 ивээн тэтгэгч, түншийн нэрсийг албан ёсоор зарлалаа.
Энэхүү жагсаалтад Казахстаны төрийн өмчит хөрөнгө оруулалтын томоохон сан болох Samruk-Kazyna багтсан нь анхаарал татаж байна. Ийнхүү тус сан ивээн тэтгэгчээр орж ирснээр тэмцээн нь албан ёсоор "Games of the Future 2026, Powered by Samruk Kazyna" гэсэн нэртэйгээр зохион байгуулагдах болжээ.
Тус улс фижитал (phygital) спортын төрөлд ихээхэн хөрөнгө оруулалт хийж байгаа бөгөөд Астана хотод болох энэхүү арга хэмжээнд 50 гаруй орны 800 гаруй тамирчин оролцохоор төлөвлөгдөөд байна. Тэмцээний хүрээнд тамирчид найман төрлөөр өрсөлдөх бөгөөд нийт 4.75 сая долларын шагналын сантай байх юм.