Технологийн дэвшил бидний өдөр тутмын ажилд нэвтэрсээр байгаа ч үүнийг буруу ашиглах нь эвгүй байдалд хүргэдгийг Канадын улс төрчийн тохиолдол харууллаа. Нью-Брансвик мужийн хууль тогтоох байгууллагын гишүүн, Прогрессив консерватив намын төлөөлөгч Билл Оливер чуулганы танхимд үг хэлэхдээ хиймэл оюун ухааны (LLM) бэлтгэсэн текстийг ашигласан байна.

Тэрээр үг хэлэх үеэрээ: "Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн газруудыг байгуулахтай холбоотой нэг аюул бол иргэд эдгээр албанд олгогдоогүй эрх мэдлийг хүлээх хандлагатай байдаг" хэмээн хэлжээ. Гэвч үүний дараа тэрээр үргэлжлүүлэн "...энд хууль тогтоох байгууллагын үг мэт урсгалтай, илүү байгалийн хувилбар байна" гэсэн өгүүлбэрийг чангаар уншсан нь олны анхаарлыг татав. Энэхүү өгүүлбэр нь хиймэл оюун ухааны загварууд хэрэглэгчийн хүсэлтэд хариулахдаа санал болгодог зааварчилгааны хэсэг байсан юм.

Уг үйл явдал тухайн үедээ анзаарагдаагүй өнгөрсөн ч саяхан Reddit болон Threads зэрэг олон нийтийн сүлжээгээр бичлэг нь тархсанаар олны анхааралд өртжээ. Одоо энэ асуудал Канадын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүчтэй яригдаж байна.

"Toronto Star" сонинд тэмдэглэснээр, энэ нь нийгэм дэх улс төрийн элитүүд болон энгийн иргэдийн хоорондын ялгааг харуулж буй хэрэг юм. Элитүүд ажлаа хиймэл оюун ухаанд даатгахад бэлэн байхад, олон нийт үүнийг таашаахгүй байгааг тус хэвлэл онцолжээ. Энэхүү явдал нь хиймэл оюун ухааныг ашиглахдаа анхаарал болгоомжгүй хандах нь улс төрийн түвшинд ч эвгүй байдалд хүргэж болдгийг сануулсан үйл явдал боллоо.