Хөгжмийн ертөнцөд тод мөрөө үлдээсэн анхдагч уран бүтээлч Грэм Парсонс 1973 онд 26-хан насандаа Калифорни мужийн Жошуа-Три орчимд эмийн тунг хэтрүүлсний улмаас таалал төгссөн билээ. Түүнээс хойш 50 гаруй жил өнгөрсөн ч түүний хөгжмийн ертөнцөд үзүүлсэн нөлөө улам бүр өссөөр байна. Тэрээр The Byrds хамтлагийн гол гишүүн, The Flying Burrito Brothers хамтлагийг үүсгэн байгуулагч байсан бөгөөд кантри болон рок хөгжмийг холбосон анхдагч гүүр болж байв.
Хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Парсонсыг 11 дүгээр сарын 14-нд Лос-Анжелес хотноо Rock & Roll Hall of Fame-ийн эрт үеийн нөлөө бүхий уран бүтээлчийн (early influence) төрөлд албан ёсоор алдаршуулахаар болжээ.
Энэхүү хүндэтгэлийн ёслолын өмнө буюу 11 дүгээр сарын 11-нд Лос-Анжелесийн алдарт The Troubadour клубт “A Song for Gram” хэмээх тасалбар нь бүрэн зарагдсан хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдах гэж байна. Энэхүү тоглолтыг Парсонстой хамтран уран бүтээл туурвиж байсан дуучин Эммилу Харрис тэргүүлэх бөгөөд Элвис Костелло, The Black Crowes зэрэг олон алдартай уран бүтээлчид оролцох юм.
Парсонсын охин Полли Парсонс болон холбогдох багийнхан түүний 80 насны ойгоор хүндэтгэлийн тоглолт хийхээр төлөвлөж байсан ба Rock & Roll Hall of Fame-д багтах болсон нь энэхүү тоглолтыг нэгтгэн тэмдэглэх сайхан завшаан болжээ. Түүнчлэн хөгжимчин Элвис Костелло Billboard сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Парсонсыг хүндэтгэлийн танхимд алдаршуулах цаг аль эрт болсон байсныг онцолсон байна.