Кени улсын Эрүүл мэндийн яамнаас Эбола вирусийн халдварын улмаас тус улсад хоёр дахь хүн нас барсныг Баасан гарагт албан ёсоор мэдээллээ.
Энэхүү халдвараар нас барсан иргэн нь тус улсад бүртгэгдсэн анхны өвчтөний ойрын хамаатан болох 65 настай эмэгтэй байжээ. Тэрээр тусгаарлалтад байх хугацаандаа өвчний шинж тэмдэг илэрч эхэлсэн байна.
Уг өвчтөнд 10 хоногийн өмнөөс халдварын шинж тэмдэг илэрсэн бөгөөд нийслэл Найроби хотын халдварт өвчний тасагт хэвтэн, дэмжих эмчилгээ хийлгэж байжээ. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр эмнэлгийн ажилтнууд түүний амь насыг аврахын тулд бүхий л бололцоотой арга хэмжээг авсан боловч Баасан гарагийн орой нас барсан байна.
Албаныхан талийгаачийн гэр бүлд энэ талаар мэдэгдсэн гэдгээ мөн хуваалцжээ.