Ажлын ярилцлагад орох нь өөрөө хангалттай эвгүй, хүнд даваа байдаг билээ. Гэтэл сүүлийн үед компаниуд хүний нөөцийн сонгон шалгаруулалтдаа хиймэл оюуны (AI) системүүдийг улам бүр түлхүү ашиглах болжээ. Харин ажил горилогчид энэхүү автоматжуулсан ярилцлагуудыг төдийлөн таатай хүлээж авахгүй байна. Зарим нь ярилцлагаас шууд татгалзаж байгаа бол зарим нь роботуудыг утгагүй хариултаар санаатайгаар төөрөлдүүлж байна.

Зарим хүмүүс ажил олгогчид процессоо автоматжуулж байгаа бол өөрсдөө ч бас тэгж болно гэж үзжээ. Тухайлбал, хошин урлагийн жүжигчин бөгөөд Ютубер Graham Dot Zip 10-р сарын 13-нд өөрийнхөө өмнөөс ярилцлагад орох Victor нэртэй хиймэл оюуны төлөөлөгчийг бүтээж, AI ажилд авагчтай ярилцуулсан байна. Энэхүү бичлэг нь 10-р сарын 15-ны байдлаар 2.5 сая гаруй хандалт аваад байна.

Хоёр ботын цалингийн тохиролцоо

Энэхүү туршилт нь яагаад чатботоор цалингаа тохиролцуулж болохгүйг харуулсан сургамж болсон юм. Грэхэм өөрөө 140,000-аас 150,000 ам.долларын цалин авахыг хүсэж байсан ч түүний Victor нэртэй бот нь чадварыг нь хэт дөвийлгөж, ойролцоогоор 60,000 ам.доллар авахад бэлэн гэж хэлжээ. Нөгөө талд компанийн AI ярилцагч нь 90,000 ам.доллароос дээш гарахгүй гэж байв. Грэхэмийг орхин гарсны дараа хоёр бот бие даан ярилцсаар дараагийн шатны ярилцлагыг товлож, сүүлдээ хоорондоо албаны ёсорхуу үгс солилцон гацсан байна.

Роботуудыг төөрөлдүүлэх шинэ тренд

Энэ мэтээр олон нийтийн сүлжээнд AI ярилцагчдыг сорьж, төөрөлдүүлэх эсвэл шоглох хандлага нэмэгдсээр байна. Жишээлбэл, контент бүтээгч The Dreadful Studio хиймэл оюуны бүх асуултад цэвэр утгагүй, дэмий үгсээр хариулжээ. Гэтэл систем үүнийг гайхаж лавлахын оронд чухал утга агуулгатай зүйл ойлгосон мэт яриагаа цааш үргэлжлүүлсээр ярилцлагыг дуусгасан байна. Мөн дууны үгээр хариулах, өөрийнх нь асуултыг эргүүлж тавих зэргээр роботуудыг будлиулж байгаа аж.

Хэдийгээр ярилцаж буй зүйл нь ямар ч утгагүй байсан ч чатботууд яриаг ойлгож дагаад байгаа мэт дүр эсгэх нь хачирхалтай дүр зургийг бүтээж байна. Хүний оролцоогүй, хөндий мэт санагддаг шалгаруулалтын явцад ийнхүү AI ярилцагчийг өөрийг нь будлиулах нь олон хүнд сэтгэл ханамж өгч байгаа бөгөөд зарим тохиолдолд хиймэл оюун өөрөө алдаа гарган гацах тохиолдлууд ч гарч байна.