Криптовалютын бирж Kraken-ий толгой компани болох Payward Арабын Нэгдсэн Эмират Улсын (АНЭУ) зах зээлд албан ёсоор үйлчилгээгээ нэвтрүүлэхээр төлөвлөж байгаагаа зарлалаа.

Тус компани Дубайн Виртуал хөрөнгийн зохицуулах газраас (VARA) бүрэн зөвшөөрөл авсан тухайгаа Мягмар гарагт мэдээлсэн юм. Ингэснээр Payward нь жижиглэнгийн, мэргэжлийн болон институциональ хөрөнгө оруулагчдад зохицуулалттайгаар виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх эрхтэй болж байна. Үүнээс өмнө тавдугаар сард урьдчилсан зөвшөөрөл авч, харилцагчдаа бүртгэх бэлтгэл ажлаа хангаад байсан юм.

Шинэ зах зээлд санал болгох үйлчилгээ

АНЭУ-д үйлчилгээ нэвтрэх үед харилцагчид дирхамаар спот болон маржин арилжаа хийхээс гадна тус валютаар шууд мөнгө байршуулах, татах боломжтой болно. Мөн он-чейн стейкинг, xStocks токенжуулсан хувьцаа, крипто шилжүүлгийн Krak зэрэг үйлчилгээг ашиглах боломж бүрдэх юм. Харин байгууллагын харилцагчдад зориулан OTC спот арилжаа болон Kraken Prime үйлчилгээг хүргэнэ.

Үүнээс гадна зохицуулагч байгууллагын зөвшөөрлөөс хамааран крипто дериватив болон орлогын шинэ бүтээгдэхүүнүүдийг 2026 оны сүүл болон 2027 онд гаргахаар хүлээгдэж байна.

Дэлхийн зах зээл дэх тэлэлт

Payward нь Европ, Америк, Ази-Номхон далай, Ойрхи Дорнод зэрэг дэлхийн бүс нутгуудад нийт 100 гаруй тусгай зөвшөөрөл, бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг. Тус компани сүүлийн үед томоохон хэлцлүүдийг идэвхтэй хийж байгаа юм.

Тухайлбал, есдүгээр сард Bloomberg-ийн мэдээлснээр Nasdaq Inc. компани Payward-ийг 21 тэрбум ам.доллароор үнэлж, 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон бөгөөд Kraken өөрийн платформ дээрээ Nasdaq-ийн токенжуулсан хувьцааг борлуулахаар тусгагджээ. Мөн Payward болон SoFi Technologies хамтран ажиллах хэлцэл зарлаж, SoFi-ийн хэрэглэгчдийн крипто захиалгыг Kraken Prime-аар дамжуулах, тэдний стейблкоиныг бирж дээрээ бүртгэхээр тохиролцсон байна. Kraken нь бусад крипто биржүүдийн адил уламжлалт санхүүгийн салбар луу нэвтэрч, хувьцаа, бонд зэрэг хөрөнгийг арилжих боломжийг бүрдүүлсээр байна.