Лондон хотын төв хэсэг болох Сохо дахь кино сонирхогчдын хайртай Prince Charles Cinema хаагдах эрсдэлээс мултарч, ирэх 25 жилийн хугацаанд тогтвортой ажиллах боломжтой болсноо зарлалаа.
Энэхүү кино театр 2025 оны эхээр үйл ажиллагаа нь ноцтой аюулд орсныг мэдэгдэн, дэмжлэг хүссэн өргөдлийг олон нийтэд анх дэлгэж байсан юм. Тухайн үед түрээслүүлэгч тал болон тэдний толгой компани болох Criterion Capital шинэ гэрээндээ “цуцлах заалт” (break clause) оруулахыг шаардаж байжээ. Хэрэв тухайн барилгыг дахин төлөвлөх зөвшөөрөл олгогдвол ердөө зургаан сарын өмнө мэдэгдээд кино театрыг хөөж гаргах нөхцөл үүсэх байсан тул театрын хамт олон ихээхэн сэтгэл дундуур буйгаа илэрхийлж байв.
Уг асуудал олон нийтийн анхаарлыг хүчтэй татаж, жүжигчин Пол Мескал, найруулагч Эдгар Райт зэрэг кино урлагийн алдартнууд дуу хоолойгоо нэгтгэн дэмжсэн юм. Мөн өнгөрсөн тавдугаар сард орон нутгийн зөвлөлөөс тус театрыг “Олон нийтэд үнэ цэнтэй хөрөнгө” (Asset of Community Value) хэмээн албан ёсоор бүртгэжээ. Үүнээс гадна тус газрыг аврах цахим өргөдөлд 168,000 гаруй кино сонирхогч гарын үсэг зурсан байна.
Хэдийгээр наймдугаар сард хаагдах эрсдэл байсаар байгааг мэдээлж байсан ч кино театрын удирдлагууд саяхан шинэ мэдэгдэл хийлээ. Тэд цуцлах заалтгүй шинэ түрээсийн гэрээ байгуулж чадсанаар ирэх 25 жилийн ирээдүй нь баталгаажсаныг хуваалцсан юм.
Театрын хамт олон мэдэгдэлдээ: “21 сарын тодорхойгүй байдлын эцэст бид театрынхаа ирээдүйг баталгаажуулж чадсандаа маш их баяртай байна. Олон хүний дэмжлэг, итгэл найдварын ачаар бид үүнийг даван туулж чадлаа” хэмээн өргөдөлд гарын үсэг зурсан үзэгчид, хэвлэл мэдээлэл болон уран бүтээлчдэд талархлаа илэрхийлжээ.