Америкийн хөлбөмбөгийн лигийн (NFL) домогт тамирчин, Супер Боулын аварга Майкл Ирвин олны нүдэн дээр эрч хүчтэй харагддаг ч хувийн амьдралдаа хүндхэн сорилттой тулгарч байна. Тэрээр эхнэр Сэнди Харрелл-ийнх нь эрүүл мэндийн байдал сайжрахгүй байгаа талаар сэтгэл эмзэглүүлэн ярьжээ.
Ирвиний эхнэр эрт үеийн Альцгеймер өвчин (мартах өвчин)-тэй тэмцэж байгаа бөгөөд өвчин улам даамжирч байна. Тэрээр "Us Weekly" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Бидний хувьд сайн өдөр гэдэг нь бүх зүйл хуучин хэвээрээ байхыг хэлнэ. Бид байдал дээрдэхгүй гэдгийг мэдэж байгаа. Тиймээс өвчнийг улам дордуулахгүй байлгахын төлөө л хичээж байна" хэмээн ярьжээ. Түүний эхнэр Сэнди одоо алхах чадваргүй болж, сэтгэцийн хувьд ч хүнд байдалд байгаа аж.
Хүнд хэцүү тэмцэл
Ирвин болон Сэнди нар их сургуулийн үеэс эхлэн үерхэж байсан бөгөөд тэд дөрвөн хүүхэдтэй. Ирвин эхнэрийнхээ дэргэд бат бөх зогсож, гэрт нь 24 цагийн асаргаа сувилгааг зохион байгуулж байна. Эмнэлгийн ажилтнуудтай холбоотой хүндрэлүүд гарч, эхнэр нь заримдаа түрэмгий авир гаргах тохиолдол гардаг ч Ирвин эхнэрээ гэрээс нь гаргахгүй, өөрөө асрах шийдвэрээ хэвээр хадгалж байна. Тэрээр "Хэн ч байсан гэртээ байх эрхтэй, би үүнийг л хийх ёстой" хэмээн ярьжээ.
Ирвин өөрийн гэр бүлийн энэ зовлонг хуваалцахын зэрэгцээ мөн адил хүнд өвчтэй тэмцэж буй тамирчин Крис Жонсоны тухай ч дурдсан байна. Крис Жонсон нь ALS буюу хатингаршлын өвчнөөр оношлогдсон бөгөөд өдгөө тэргэнцэрт сууж, ярианы туслах төхөөрөмж ашиглаж байгаа юм. Ирвин эхнэрийнхээ болон танил тамирчдынхаа зовлонг харах нь маш хүнд байгааг онцолжээ.