Америкийн реппер Дон Толиверын Их Британийн Манчестер хотын “Co-op Live” аренад болсон тоглолтын үеэр тодорхойгүй бодис цацагдаж, тоглолт саатан үзэгчдийг яаралтай танхимаас нүүлгэн шилжүүлсэн байна. Уг үйл явдлын улмаас албаныхан онцгой нөхцөл байдал зарлажээ.
Нутгийн цагдаагийн газрын мэдээлснээр уг явдал нь танхимд гарсан үнэт эдлэлийн дээрмийн хэргүүдтэй холбоотой байж болзошгүй гэнэ. Тоглолтын үеэр үзэгчдээс есөн удаагийн хулгайн дуудлага ирсэн бөгөөд одоогоор хэн нэгнийг баривчлаагүй байна. Мөн тус уран бүтээлчийн Европт болсон хоёр ч тоглолтын үеэр үүнтэй төстэй хэрэг бүртгэгдсэн тул Европын хамтрагчидтайгаа хамтран шалгаж байгаа аж.
Уг бодисын улмаас нийт 80 хүнд нүд болон амьсгалын замын зовуурь илэрч эмнэлгийн тусламж авсан бөгөөд нэг хүнийг эмнэлэгт хэвтүүлсэн гэж түргэн тусламжийн алба мэдээлэв. Цагдаа нар цацагдсан бодисыг хараахан тогтоогоогүй байна.
Энэхүү үйл явдлын улмаас репперийн Лондонд хийхээр төлөвлөсөн байсан хоёр тоглолт хойшлогдож, 12 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд болохоор болжээ. Дон Толивер өөрийн цахим хуудсаараа дамжуулан үзэгчдэд хандан дэмжлэг илэрхийлж, тоглолт дээрээ эмх замбараагүй байдал үүсгэхгүй байхыг уриалсан байна.