АНУ-ын ABC телевизийн алдарт “Dancing With The Stars” бүжгийн шоуны 35 дахь улирлын финал мягмар гаргийн орой (11-р сарын 24) болж, ялагчид тодорлоо. Энэ удаагийн улиралд хөнгөн атлетикийн төрлөөр паралимпын хоёр удаагийн алтан медаль хүртсэн тамирчин Эзра Фреч бүжигчин хамтрагч Даниэлла Карагач-ийн хамт түрүүлж, “Лен Гудман” цомын эзэд болжээ. Ингэснээр Фреч тус шоуны түүхэн дэх анхны хиймэл эрхтэнтэй аварга болж байна.

Финалд оролцогчид гурван шатаар өрсөлджээ. Эхнийх нь шүүгчдийн сонгосон бүжгийн төрлөөр бүжиглэх даалгавар байсан бол дараа нь богино хугацаанд шинэ хөдөлгөөн сурах шаардлагатай “шуурхай бүжиг” шат явагдсан байна. Хамгийн сүүлд шоуны шийдвэрлэх чөлөөт үзүүлбэрийн (freestyle) үе шат болжээ.

Түрүүлсэн хос Linkin Park хамтлагийн “Numb” дуун дээр чөлөөт бүжгийн үзүүлбэрээ үзүүлсэн юм. Эзра үзүүлбэрээ эхлэхдээ хиймэл хөлгүй байсан бөгөөд дараа нь үзүүлбэрийн дундуур хиймэл эрхтэн нь гулсах асуудал үүссэн ч тэд даван гарч үзүүлбэрээ амжилттай дуусгажээ. Шүүгчид болох Кэрри Энн Инаба, Дерек Хаф, Бруно Тониоли нар уг үзүүлбэрт 30/30 оноо өгсөн байна. Мөн тэд өмнөх хоёр шатандаа ч төгс оноо авчээ.

Эзра Фреч өмнө нь The Hollywood Reporter сэтгүүлд өгсөн ярилцлагадаа уг шоуны анхны хиймэл эрхтэнтэй аварга болох нь өөрт нь болон нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд “маш онцгой” үйл явдал болохыг дурдаж байсан юм.

Эцсийн санал хураалтаар хоёрдугаар байрт Эмбер Гленн, Паша Пашков нар орсон бол гуравдугаар байрыг Коннор Вүүд, Райли Арнольд нар эзэлжээ. Мөн энэ үеэр өнгөрсөн 34 дэх улирлын ялагч Роберт Ирвин шууд нэвтрүүлэгт оролцож, 36 дахь улиралд өрсөлдөх боломж олгодог “Dancing With the Stars: The Next Pro” нэвтрүүлэг эргэн ирж буйг зарласан байна.