Дэлхийн поп хөгжмийн од Марая Кэри өөрийн тав дахь студийн цомог болох 'Daydream'-ын 30 жилийн ойд зориулсан тусгай хувилбарыг гаргажээ. Нийт 33 дуу бүхий энэхүү дижитал цомогт анхны цомгийн дуунуудаас гадна өмнө нь сонсогдоогүй байсан ховор бичлэгүүд, ремикс, акапелла болон амьд тоглолтын хувилбарууд багтсан байна.
Энэхүү шинэ хувилбарын хамгийн онцлох хэсэг нь Марая Кэри өөрийн хувийн бичлэгүүдээс анх удаа олон нийтэд дэлгэсэн явдал юм. Тодруулбал, дуучин Уолтер Афанасьефтай хамтран бүтээсэн 'I Am Free' болон Бэйбифэйстэй хамтарсан 'Melt Away' дуунуудыг бүтээх үеийн хувийн бичлэгүүд анх удаа сонсогчдын хүртээл болж байна.
Марая Кэри өөрийн сошиал хуудсаараа дамжуулан энэ тухайгаа: "Энэ цомог миний хувьд олон анхны зүйлсийг эхлүүлсэн үе байлаа. Анхны реп хамтын ажиллагаа, анхны дэлхийн аялан тоглолт, анх удаа өөрөө хөгжмийн клип найруулсан гээд олон дурсамжтай. Тиймээс энэ ойд зориулан дуу бүтээх явцынхаа нууц бичлэгүүдийг анх удаа хуваалцахаар шийдлээ" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Цомгийн өргөтгөсөн хувилбарт 'Fantasy' дууны O.D.B-тэй хамтарсан ремикс, 'Always Be My Baby' дууны Да Брат болон Xscape хамтлагтай хамтарсан хувилбарууд багтсан байна. Мөн 10 дугаар сард цомгийн физик хувилбарууд болох 3LP, хоёр диск болон кассет хэлбэрээр худалдаанд гарах ажээ. Үүнээс гадна винил цуглуулгад 1995 оны Мэдисон Скуэр Гарден дахь тоглолтын бичлэг анх удаа багтаж байгаа юм.
Түүнчлэн Марая Кэри өөрийн YouTube сувгаараа дамжуулан 'Fantasy' дууны клип бүтээх үеийн ховор бичлэгүүдийг олон нийтэд үзүүлэхээр төлөвлөөд байна.