Фэйсбүүк, Инстаграм зэрэг платформуудыг эзэмшдэг технологийн аварга Мета компани АНУ-ын шүүхээс томоохон хэмжээний торгууль хүлээлээ. Нью-Мексико мужийн шүүгч тус компанийг өөрийн платформуудаараа дамжуулан хүүхдүүдэд хор хөнөөл учруулсан, нийгмийн эмх замбараагүй байдлыг үүсгэсэн гэж үзэн 567 сая гаруй ам.доллар төлөх шийдвэр гаргав.

Энэхүү шийдвэр нь анхны тохиолдол биш юм. Өнгөрсөн гуравдугаар сард Нью-Мексико мужийн тангарагтны шүүх Мета компанийг хүүхдүүдийг гэмт хэрэгтнүүдийн халдлагад өртөмтгий болгосон болон бусад хор хөнөөлтэй үйлдлүүдэд буруутай гэж үзэн 375 сая ам.долларын нөхөн төлбөр төлөхийг даалгаж байсан билээ.

Шүүхийн шийдвэрийн дараа Мета компаниас мэдэгдэл гаргажээ. Тус компани шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, давж заалдахаа мэдэгдсэн байна. Мета-гийн зүгээс өөрсдийн платформууд дээрх хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байгаа гэсэн байр суурийг илэрхийлжээ.