Дэлхийн технологийн салбарын аварга Мета (Meta) компаниас саяхан халагдсан 26 ажилтан тус компанийг ажлаас халахдаа хиймэл оюун ухаан (AI) ашигласан гэж буруутган шүүхэд ханджээ. Нэхэмжлэгчдийн үзэж байгаагаар, энэхүү технологийн шийдвэр нь хөгжлийн бэрхшээлтэй эсвэл чөлөөтэй байсан ажилтнуудад сөргөөр нөлөөлсөн гэв.
Шүүх хурал ба Метагийн байр суурь
Шүүхээс Мета компанид халагдсан ажилтнуудын сонгон шалгаруулалтын талаар тайлбар өгөхийг шаардсан байна. Компанийн Хүний нөөцийн удирдлагын захирал Лин Доан шүүхэд гаргасан тайлбартаа халагдсан ажилтнуудын сонгон шалгаруулалтад хиймэл оюун ухаан огт оролцоогүй гэдгийг онцолжээ. Тэрээр эдгээр шийдвэрийг зөвхөн хүний удирдлага гаргасан бөгөөд ажилтны хөгжлийн бэрхшээл, чөлөөтэй байсан эсэх зэрэг хувийн нөхцөл байдлыг огт харгалзаагүй хэмээн мэдэгдсэн байна.
Сонгон шалгаруулалтын зарчим
Лин Доаны тайлбарласнаар, Мета эхлээд халалт хийх шаардлагатай байгаа байгууллагын нэгжүүдийг тодорхойлж, дараа нь тухайн нэгжийн албан тушаал, түвшинд үндэслэн бизнес зорилгоо тодорхойлдог байна. Үүний дараа удирдлагууд "сонгон шалгаруулалтын шалгуур"-ыг боловсруулдаг бөгөөд энэ нь тухайн байгууллагын зорилготой уялдсан, бодитой байх ёстой аж.
Эдгээр шалгуурт гүйцэтгэлийн үнэлгээ, ажилласан жил, мэргэшсэн ур чадвар, албан тушаалын түвшин болон компанийн шатлал дахь байр суурь зэрэг хүчин зүйлс багтдаг. Мөн халалтын шалгуурыг тухайн ажилтныг үнэлэхээс өмнө эцэслэн баталдаг тул шийдвэр гаргагчид тогтоосон шалгуураас хазайх боломжгүй байсан гэж Лин Доан тайлбарлажээ.
Шүүхэд нэр дурдагдсан дөрвөн ажилтны хувьд, тэдний гурав нь гүйцэтгэлтэй холбоотой шалтгаанаар халагдсан байна. Нэхэмжлэлд дурдсан нэгэн ажилтан эцэг эхийн чөлөөтэй байх үедээ халагдсан бөгөөд тухайн үед тэрээр компанийн гүйцэтгэлийн үнэлгээгээр "хүлээлтийг тогтмол хангасан" гэсэн үнэлгээтэй байжээ.